Бразил, Чили улсууд дахь туршлага судлах аялал

Нийтлэсэн:
ТоС Холбоо
ТоС Холбооноос зохион байгуулсан Бразил, Чили улсуудад туршлага судлах айлчлалын хүрээнд Монголын төлөөлөгчид 2026 оны 9 дүгээр сарын 25-нд Бразилын санхүү болон хөгжлийн салбарын гол байгууллагууд болох BNDES (Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн банк), Бразилын Төв банк (Banco Central do Brasil) болон FEBRABAN (Бразилын Банкны холбоо)-ны төлөөлөлтэй уулзаж, байгаль хамгаалал болон тогтвортой санхүүжилтийн талаар туршлага солилцлоо.
Хөгжлийн санхүүжилт ба байгаль хамгааллын систем
Бразилын Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн банк (BNDES)-тай хийсэн уулзалтаар хөгжлийн санхүүжилтийг арилжааны банкны санхүүжилттэй хослуулах, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төслийн эрсдэлийг хуваалцах боломжуудын талаар ярилцав. Мөн Амазоны сангийн засаглал, байгаль хамгааллын санхүүжилтийн тогтолцоотой танилцлаа. Монгол Улсын хувьд урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болгохын зэрэгцээ төслийн бэлтгэлийг сайжруулах, санхүүжүүлэгч байгууллагуудын үүрэг оролцоог тодорхой болгоход BNDES-ийн туршлага чухал ач холбогдолтой байв.




Бодлого, зохицуулалт ба банкны салбарын оролцоо
Бразилын Төв банктай хийсэн уулзалтаар тогтвортой санхүүжилтийн бодлого, таксономитой холбоотой санаачилгууд, хөдөө аж ахуйн санхүүжилт, нийгэм, байгаль орчин, уур амьсгалын эрсдэлийг банкны зохицуулалтад тусгах арга барилтай танилцав. Бодлогын шаардлагыг арилжааны банкуудын зээлийн шийдвэр, эрсдэлийн үнэлгээ, тайлагналтай хэрхэн уялдуулах нь чухал сэдэв байлаа. Харин FEBRABAN-тай банкны салбарын хамтын ажиллагаа, гишүүн банкуудын оролцоо, мэдлэг туршлага солилцох болон тогтвортой санхүүжилтийн хэрэгжилтийг салбарын хэмжээнд дэмжих талаар санал солилцсон юм.

















