“Өндөр түвшний туршлага судлах аялал”-ыг Швед, Исланд улсуудад амжилттай зохион байгууллаа.
Мэдээ

“Өндөр түвшний туршлага судлах аялал”-ыг Швед, Исланд улсуудад амжилттай зохион байгууллаа.

1/11/2024161
ТоС Холбоо

Нийтлэсэн:
ТоС Холбоо

ТоС Холбоо нь Бээжин дэх Исланд болон Швед Улсын ЭСЯ, Улаанбаатар дахь Исланд болон Шведийн Өргөмжит Консул, Нордикийн хамтын ажиллагааны дэмжлэгтэйгээр “Өндөр түвшний туршлага судлах аялал”-ыг Швед, Исланд улсуудад амжилттай зохион байгууллаа.


Туршлага судлах аялал нь Исланд улсад үргэлжлүүлэн Тогтвортой эрчим хүч, тогтвортой аялал жуулчлал болон тогтвортой санхүүжилт сэдвүүдийн хүрээнд бүтэн өдрийн воркшоп арга хэмжээг зохион байгуулж, Исланд улсын сайн туршлагаас сонслоо. Тус арга хэмжээг 1996-2016 онд Исланд Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан Олафур Рагнар Гримссон эрхэм нээж, Исландын Сангийн яам, Visit Iceland (Исланд улс дахь аялал жуулчлал сурталчлах платформ), Green by Iceland (Ногоон хөгжлийн платформ), ISOR компани, Arctic Green Energy компани, Finance Iceland (Исландын банкны холбоо), Arion банк болон Исландын үндэсний эрчим хүчний компанийн удирдлагын түвшний төлөөллүүд өөрсдийн тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилтийн туршлага, хэрэгжилтийг танилцуулав.


Харин Монгол Улсыг төлөөлөн Улаанбаатар дахь Исландын Өргөмжит Консул, Монголын ногоон санхүүгийн корпорацын Гүйцэтгэх захирал М.Болдоо, Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Санхүүгийн Зохицуулах Хороо-ны дарга Д.Баярсайхан, ТоС Холбооны Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Khan Bank-ны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа нар нээлтийн үг хэлж, Эрчим хүчний үндэсний төвийн Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн захирал Д.Пүрэвсүрэн Монгол Улсын Эрчим хүчний өнөөгийн байдал болон сэргээгдэх эрчим хүчний боломжит нөөцийн талаар, ТоС Холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь Монгол Улсын ТоС-ийн хэрэгжилтийг тус тус танилцууллаа. Воркшоп арга хэмжээнээс гадна Исланд улсад GRÓ (Чадавх бэхжүүлэх, тогтвортой байдал, нийгмийн өөрчлөлтийн төв), Creditinfo зээлийн мэдээллийн сан байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, гүний дулааны цахилгаан станц, тогтвортой хөдөө аж ахуйн чиглэлээр ногоон хүлэмж, хонины ферм, үхрийн ферм зэрэг ногоон төсөл бизнестэй очиж үзэн танилцлаа.


Энэхүү туршлага судлах аялалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар , Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам , Эдийн засаг, xөгжлийн яам Ministry of Economy and Development , Санхүүгийн Зохицуулах Хороо, Эрчим хүчний үндэсний төв , Олон улсын санхүүгийн корпораци, Исланд улсын өргөмжит консул болон ТоС Холбоо / MSFA гишүүд болох Khan Bank , Худалдаа хөгжлийн банк / Trade and Development Bank , Голомт банк, XacBank , Arig Bank , Монголын Ипотекийн Корпораци , APU Company зэрэг байгууллагуудын 20 гаруй удирдах түвшний төлөөллүүд оролцов. Туршлага судлах аялал зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, халуун дулаанаар хүлээн авч уулзсан байгууллагуудын хамт олонд гүнээ талархал илэрхийлье.

Холбоотой мэдээ