"Монгол Улсын дэд бүтцээс бусад салбаруудад боломжит ногоон төслүүдийг бий болгох нь” тайланг боловсрууллаа

Нийтлэсэн:
ТоС Холбоо
Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP) хамтран “Монгол Улсын дэд бүтцээс бусад салбаруудад боломжит ногоон төслүүдийг бий болгох нь” тайланг боловсрууллаа.
.
Энэхүү хамтын ажиллгааны тайлан нь төр хувийн хэвшлийн хөрөнгийг уялдуулах замаар Монгол Улсын санхүүгийн системийг дэд бүтцээс бусад салбаруудад ногоон төслүүдийг хөгжүүлэхэд туслах баримт бичиг юм.
Нүүрснээс хамааралтай эрчим хүч, хөдөө аж ахуйн салбаруудаас шалтгаалан манай улсын хүлэмжийн хийн ялгаруулалт 2010-2023 оны хооронд хоёр дахин нэмэгдсэн бөгөөд олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй эдгээр ажлууд нь хөрөнгө оруулалтын шийдвэрт чухал үр нөлөөтэй.
Банкны салбарын чадавхыг бэхжүүлэх нь хөрөнгө оруулалтыг нээж, уур амьсгалын болон шилжилтийн эрсдлийг удирдах, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт болон “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” баримт бичгийн дагуу 2030 он гэхэд ялгарлыг 23 хувь, 2035 он гэхэд 30.3 хувиар бууруулах зорилтод хүрэх чухал алхам билээ.
Эдийн засаг, хөгжлийн яамны Ногоон санхүүжилтийн бодлогын газрын дарга Мөнх-Эрдэнэ:
“Эдийн засаг, хөгжлийн яам нь уур амьсгалын хөрөнгө оруулалтыг дэмжих, Монгол Улсын ногоон төслийн багцыг өргөжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Нөөцийн хамаарал ба уур амьсгалын эмзэг байдлын хосолсон сорилтыг харгалзан үзвэл, энэхүү тайлан нь Монгол Улсад ногоон хөрөнгө оруулалтыг түргэтгэх, санхүүжилт татах чадвартай төслийн сан бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна.”
Монголын Тогтвортой Санхүүгийн Холбооны УЗ-ийн тэргүүн, Хаан банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа:
“Энэхүү тайлан нь Монголын дэд бүтэцтэй холбоогүй салбаруудад ногоон хөрөнгө оруулалтын боломж, гарцыг нарийвчлан шинжилсэн. Зах зээлд чиглүүлэгч байгууллагын хувьд Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбооны гишүүд болон хамтрагч байгууллагуудын хамтаар уг зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, чадавх бэхжүүлэх, мөн нийтлэг стандарт, ил тод хэмжилт, тайлагналын тогтолцоог бий болгож, итгэлцэлтэй төслүүдэд санхүүжилт татах орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллана.”
Уг тайлан нь томоохон дэд бүтцийн төслөөс гадна уур амьсгалын хөрөнгө оруулалтын боломжуудыг тодорхойлж, нийт 21 бодлого болон зах зээлийн арга хэмжээний санал дэвшүүлсэн бөгөөд дараах зорилготой:
Санхүүжилт татах чадвартай ногоон төслүүдийг хөгжүүлэх, хэрэгжүүлэхТөрийн байгууллага, санхүүгийн байгууллага, төслийн хэрэгжүүлэгчдийн түвшинд төслийн бэлтгэл, зах зээлийн бэлэн байдлыг сайжруулах
Уур амьсгалын санхүүжилтийг илрүүлэх, хянах стандартчилсан аргачлалыг нэвтрүүлэх
Уур амьсгалын хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх санхүүгийн урамшуулал, зохицуулалтын дэмжлэгийг бий болгох
ESCAP-ын Макро эдийн засгийн бодлого, хөгжлийн санхүүжилтийн газрын захирал доктор Хамза Али Малик:
“Бодлогын дүгнэлт, зах зээлийн практикийг уялдуулснаар ESCAP нь үндэсний түншүүдтэйгээ цаашид хамтран уг зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, тэдгээрийг санхүүжилтийн шийдэл болон хэрэгжихүйц төслүүдийг бодит болгохын төлөө ажиллахад бэлэн байна."
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс нь
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP) нь бүс нутгийн хамгийн өргөн хамрах хүрээтэй засгийн газар хоорондын байгууллага бөгөөд 53 гишүүн улс, 9 холбоот гишүүний хамтын ажиллагааг дэмжиж, тогтвортой хөгжлийн бэрхшээлүүдийн шийдлийг эрэлхийлдэг.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
https://repository.unescap.org/items/bf19df4a-ef21-480c-a3f3-0e925b4693a9










