Н.Ургамалсувд: Тогтвортой санхүү бол ирээдүйд өрсөлдөх, эрсдэл даах чадвартай эдийн засгийн үндэс
Та ажил, карьерынхаа онцлох түүхээс хуваалцана уу? Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газар ямар онцлогтой, юу хийдэг вэ?
Би эдийн засагч мэргэжилтэй. Их сургуулиа төгсөөд тухайн үеийн Статистикийн төв хороонд гурван жил ажиллаж, дараа нь Англи улсад магистрын зэрэг хамгаалсан.
2002 онд Монголбанкны Мөнгөний бодлогын газарт эдийн засагч, судлаачаар ажилд орж, ажлын гараагаа эдийн засгийн судалгаанаас эхэлж байв. Түүнээс хойш 20 гаруй жилийн хугацаанд эдийн засгийн бүтцийн загвар боловсруулах, мөнгөний бодлогын шинжилгээ, эдийн засгийн төсөөллийн тогтолцоог хөгжүүлэх, түүнийг бодлогын шийдвэр гаргалтад тогтмол ашиглах тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр ажиллажээ. Энэ хугацаанд эдийн засагч, ахлах эдийн засагч, хэлтсийн захирал, газрын захирал зэрэг албан тушаал хашсан.
Манай Мөнгөний бодлого, судалгааны газар бол Монголбанкны бодлогын үндсэн нэгжүүдийн нэг. Энгийнээр хэлбэл, мөнгөний бодлогын шийдвэр гаргахад шаардлагатай судалгаа, шинжилгээ хийж, эдийн засгийн цаашдын төлөвийг урьдчилан төсөөлдөг. Өнөөдрийн бодлогын шийдвэр гаргахад шаардлагатай эдийн засгийн цаашдын төлөв хэрхэн нөлөөлөхийг урьдчилан тооцоолж, макро эрсдэл дээр суурилсан хувилбаруудыг боловсруулдаг гэсэн үг.
Эдийн засгийг урьдчилан харж, төсөөлнө гэдэг бол сонирхолтой мөртөө, амаргүй даалгавар. Нэг талаас ирээдүйн талаарх хангалттай мэдээлэл байхгүй нөхцөлд эдийн засгийн салбарууд, сектор, оролцогчдын үйл байдал хэрхэн өөрчлөгдөх, аль хүчин зүйл илүү давамгай нөлөөлөхийг тоон утгаар нь хэмжинэ. Нөгөө талаас нийгэм, эдийн засаг, улс төрийн гадаад дотоод үйл явдлууд Монголын эдийн засагт яаж нөлөөлөхийг үнэлнэ. Тэрхүү гадна, дотнын гэнэтийн шокийн нөлөөгөөр өрхүүд орлогоо хадгалах уу, зарцуулах уу, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ нэмэх үү, бууруулах уу гэдэг шийдвэрээ хэрхэн өөрчлөхөөс дотоод эрэлт, улмаар инфляцад хэрхэн нөлөөлөх нь хамаарна.
Жишээ нь Ойрх Дорнод дахь зөрчлийн улмаас газрын тосны үнэ өссөн, үүний нөлөө манай инфляц, ханш, эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг тооцох, цаашдын төлөвт тодорхой бус байдал өндөр, эрсдэлтэй байвал бодлогын өөр өөр хувилбаруудыг боловсруулах замаар бодлогын шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлдэг.
Эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдөх бүрд шинэчилж, хөгжүүлж байх шаардлагатай учир хийж буй ажлаасаа цаг ямагт шинийг сурдаг. Нөгөө талаар Монгол Улсын эдийн засгийн бодлогыг зөв чиглэлд тодорхойлоход хувь нэмрээ оруулж байгаа нь хамгийн том урам зориг болдог.
Таны хувьд тогтвортой санхүүгийн ойлголттой хэзээ танилцсан бэ? Монголбанк энэ чиглэлд анхлан ямар бодит алхмууд хийсэн бэ?
Монголын арилжааны банкнууд тогтвортой санхүүгийн зарчмуудыг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлэх санаачилгыг 2013 оноос эхлүүлж байв. Монголбанк ч энэ ажлыг анхнаас нь дэмжиж, хамтран ажиллаж ирсэн. Харин тогтвортой санхүүг хариуцсан тусгай нэгжийг Монголбанк энэ жил байгууллаа. Сүүлийн жилүүдэд тогтвортой, ногоон санхүүгийн асуудлуудыг холбогдох газар, нэгжүүд хариуцахаас гадна түр ажлын хэсэг байгуулах болон газар, нэгж хоорондын зохицуулалтыг Мөнгөний бодлогын газар, тэр дундаа манай хэлтэс түр хариуцан ажиллаж байсан.
Миний хувьд 2019 онд Ногоон таксономийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцүүлж, батлуулах ажлыг Монголбанкнаас манай хэлтэс хариуцаж эхэлснээр тогтвортой санхүүгийн чиглэлд гар бие оролцож эхэлсэн.
Ногоон таксономи батлагдсанаар банкнууд өөрийн ногоон зээлийн бодлогоо тодорхойлж, ногоон бүтээгдэхүүнээ зах зээлд өргөнөөр нэвтрэхэд томоохон түлхэц болсон. Дараа нь Монголбанк банкуудын ногоон зээлийн статистикийг нэгтгэн боловсруулж, олон нийтэд тогтмол мэдээлдэг болов.
Тогтвортой санхүү гэх дэлхий нийтэд ч шинэ ойлголтыг Монголын санхүүгийн салбарын хөрсөнд буулган нутагшуулах амаргүй байсан ч ТоС Холбоо болон бусад оролцогч талуудын хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс дэлхийд Ногоон таксономитой хоёр дахь улс болж байв.
Үүний дараа 2023 онд Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономыг баталсан. Харин бүрэн нэвтрүүлж, хэрэгжүүлэх ажил өнөөдрийг хүртэл хойшилсоор байгаа гол шалтгаан нь Монгол Улсад олон салбарын бизнесийн үйл ажиллагааны нэгдсэн стандарт, хэмжилтийн аргачлал бүрэн төлөвшөөгүйтэй холбоотой. Иймээс энэ ажлыг зөвхөн Монголбанк, банкны салбар дангаараа хэрэгжүүлэх боломжгүй. Холбогдох төрийн байгууллагууд, салбарын мэргэжилтнүүдийн оролцоо зайлшгүй шаардлагатай.
Миний хувьд тогтвортой, ногоон санхүүгийн чиглэлээр олон талын зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэгт өнгөрсөн жилүүдэд тогтмол оролцож Монголбанкны байр суурийг илэрхийлэхээс гадна Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн түншлэлийн санхүүжилтээр “Төв банкийг ногооруулахад бэлэн байдлын дэмжлэг үзүүлэх нь” төслийг Монголбанк дээр хэрэгжих үйл ажиллагааг хариуцан ажиллалаа.
Энэ төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн сценарийн шинжилгээ, стресс тестийн аргачлалыг боловсруулж, туршилтын үнэлгээ хийсэн. Мөн уур амьсгалын ил тод тайлагналын удирдамж боловсруулж, ирэх 30 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлт санхүүгийн салбар, мөнгөний бодлогод хэрхэн нөлөөлөхийг судалсан. Эдгээр судалгаанд үндэслэн Монголбанкны ногоон хөгжлийн алсын хараа, стратегийн баримт бичгийг боловсруулах ажилд оролцсон нь миний хувьд хамгийн үнэ цэнтэй туршлагуудын нэг болсон.
Тогтвортой санхүүг нутагшуулахад ТоС Холбоо ямар үүрэг гүйцэтгэсэн гэж та боддог вэ? Холбооны хэрэгжүүлж, зохион байгуулдаг ажлуудаас таны сэтгэлд хамгийн тод үлдсэн нь юу вэ?
Тогтвортой, ногоон санхүүжилтийг Монголд нэвтрүүлэхэд хувийн хэвшил, тэр дундаа арилжааны банкнууд манлайлан оролцсон гэж боддог. ТоС Холбоо ч тэдний сайн дурын санаачилгаар байгуулагдсан. Миний хувьд ТоС Холбоог “хурдасгагч” гэж тодорхойлно. Хэрэв энэ санаачилга байгаагүй бол тогтвортой санхүүгийн шинэ ойлголтууд банкнууд болон зохицуулагч байгууллагуудад илүү удаан нэвтрэх байсан болов уу.
Тогтвортой санхүү бол байнга шинэчлэгдэж байдаг салбар. Зөвхөн шинэ аргачлал, стандартуудыг танилцуулахаас илүүтэйгээр тэдгээрийг бодит ажил болгоход байгууллагуудад чиглүүлэг, арга зүйн дэмжлэг шаардлагатай Энэ үүргийг ТоС Холбоо маш сайн холбон гүйцэтгэдэг. Зөвхөн гишүүн байгууллагуудын хүрээнд ажиллаад зогсохгүй, бодлого боловсруулагчид, олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэгтгэсэн нэгтгэх гүүр болж чадсан. Тухалбал, бидний хамтран хэрэгжүүлсэн төслийн үеэр НҮБ-ын ESCAP-ийн удирдлагууд хүртэл ТоС Холбооны энэ үүргийг онцолж, тогтвортой санхүүгийн чиглэлээр хуримтлуулсан мэдлэг, туршлагыг нь өндрөөр үнэлж байлаа.
Харин миний хамгийн тод санаж явдаг ажил бол ТоС Холбооны зохион байгуулдаг туршлага судлах аяллууд юм. 2022 онд Тогтвортой санхүүжилтийн Үндэсний замын зургийг батлахаас өмнө Нидерланд улсад ажиллах боломж олдсон. Тэнд Нидерландын хөгжлийн банк (FMO) болон PICAF кампуст очиж, зөвлөхүүд, судлаачдаас сургалт авч, Европын Ногоон таксономийн хэрэгжилттэй танилцсан. Мөн сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг газар дээр нь үзэж, бодит туршлагаас суралцсан.
Ийм аялал зөвхөн шинэ мэдлэг олгоод зогсохгүй, салбарын оролцогчдыг нэг зорилгын төлөө нэг ойлголттой болгодог. Банк, зохицуулагч, олон улсын байгууллага, хувийн хэвшлийнхэн нэг ширээний ард сууж, ижил асуудлыг өөр өөр өнцгөөс хэлэлцдэг нь цаашдын хамтын ажиллагааны суурийг тавьдаг. Миний бодлоор энэ бол ТоС Холбооны хамгийн үнэ цэнтэй хувь нэмрүүдийн нэг юм.
Монгол Улс тогтвортой санхүүгийн бодлогын хувьд бүс нутагтаа ямар онцлог туршлага бий болгож чадсан бэ?
Европын орнуудтай харьцуулахад Азийн орнууд тогтвортой санхүүгийн бодлогыг харьцангуй хожуу хэрэгжүүлж эхэлсэн ч сүүлийн жилүүдэд эрчимтэй ахиц гаргаж байна. Монгол Улсаас хойш тогтвортой санхүүгийн таксономио баталсан Сингапур, Малайз, Индонез, Тайланд зэрэг улс бодлогоо эдийн засгийн салбаруудтайгаа илүү нягт уялдуулж, хэрэгжилтээ амжилттай ахиулж байна.
Монгол Улсын хувьд тогтвортой санхүүжилтийн хөгжил өөрийн гэсэн онцлог замналаар өрнөсөн. Энэ бодлогыг хэрэгжүүлэх үйл явцыг санхүүгийн салбар манлайлан эхлүүлсэн нь бидний давуу тал болсон. Банкнууд олон улсын ногоон санхүүжилтийн эх үүсвэр татаж, тогтвортой санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлснээр бодит санхүүжилтийн урсгал бий болсон.
Харин олон улсын туршлагыг харахад ихэнх улс орон эхлээд тогтвортой хөгжлийн стандарт, таксономи, ангилал зүй, хэмжилт, баталгаажуулалтын тогтолцоогоо бүрдүүлж, дараа нь хөрөнгө оруулалт, санхүүжилтээ өргөжүүлдэг.
Монгол Улсад энэ дараалал тодорхой хэмжээнд эсрэгээрээ өрнөсөн гэж хэлж болно. Манайд ногоон хөгжлийн зорилтуудаа салбарын бодлого, төлөвлөгөөнд нарийвчлөн бүрэн суулгаж чадаагүй, шилжилттэй холбоотой салбар хоорондын уялдаа, зохицуулалт хийгдэхгүй байгаа нь дараагийн шатны сорилт болж байна.
Өнөөдөр Монголын тогтвортой санхүүгийн орчинд хамгийн их дутагдаж байгаа зүйл юу вэ? Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбар бэлэн болсон ч эдийн засгийн бусад тогтолцоо гүйцэж амжаагүй байна гэж ойлгож болох уу?
Санхүүгийн салбар өөрөөс хамаарах олон ажлыг хийсэн гэж боддог. Бид таксономио баталсан, ногоон зээлийн статистик мэдээллээ цуглуулдаг болсон, банкнууд ногоон зээлийн багцаа тайлагнадаг болсон. Харин дараагийн шатанд хамгийн их хэрэгтэй байгаа зүйл бол хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын (MRV) тогтолцоо.
Азийн Хөгжлийн Банкнаас Япон Улсад зохион байгуулсан нэгэн хурлын дээр Японы Байгаль орчны яам хүлэмжийн хийн ялгарлаа хэрхэн бууруулж буй ахиц дэвшлээ маш нарийвчилсан тоон мэдээлэл, графикаар дүрслэлээр танилцуулсан.
Энэ тооцооллыг хэрхэн гаргадаг талаар асуухад аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйл ажиллагааны мэдээллийг стандарт аргачлалын дагуу тогтмол цуглуулж, төрийн байгууллагууд нэгтгэн баталгаажуулдаг болохыг тайлбарласан. Өөрөөр хэлбэл, мэдээлэл анхан шатнаасаа мөшгөгдөх боломжтой, баталгаажсан байдаг учраас уур амьсгалын үзүүлэлтүүдийг өндөр нарийвчлалтай тооцох боломж бүрддэг байна.
Харин Монгол Улсад ийм үндэсний хэмжээний хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тогтолцоо бүрэн төлөвшөөгүй байна. Энэ нь зөвхөн Монголбанк эсвэл Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо дангаараа шийдэх асуудал биш. Засгийн газар, салбарын яамд, статистик болон хяналтын байгууллагууд хамтран стандарт, аргачлал, мэдээллийн нэгдсэн сан, хяналтын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Тогтвортой санхүүжилтийн дараагийн шатны хөгжил нь ийм дэд бүтцээс шууд хамаарна.
Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал биш, эдийн засгийн бүхий л салбарт нөлөөтэй, эдийн засгийн өртөг ихтэй тул ирээдүйд санхүүгийн голлох эрсдэл болж байна. Энэ чиглэлд Монголбанк хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч байна вэ ?
Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө аль хэдийн бодитоор мэдрэгдэж байна. Өвлийн улиралд хур тунадасны хэлбэлзлээс шалтгаалсан зудын давтамж нэмэгдэх, зуны улиралд гангийн эрсдэл өсөх төлөвтэй байна. Үүнээс гадна мал аж ахуйн салбарт бэлчээрийн даац олон жил дараалан хэтэрч байгаа нь томоохон сорилт болж байна.
Судалгаагаар Монголын бэлчээрийн даац ойролцоогоор 25–30 сая толгой малд тохиромжтой гэж үздэг бол өнөөдөр малын тоо толгой 70 саяас давсан нь бэлчээрийн доройтол, бүтээмжийн бууралтыг улам эрчимжүүлж байна.
Ийм нөхцөлд банк, санхүүгийн байгууллагууд уур амьсгалын эрсдэлийг зээлийн бодлого, эрсдэлийн удирдлагын тогтолцоондоо тусгах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Монголбанкны хувьд ч эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоонд уур амьсгалын эрсдэлийг үе шаттайгаар тусгах чиглэлээр ажиллаж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд БОНЗ-ын үнэлгээ, тайлагналын стандарт, хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн тогтолцоо, чанартай өгөгдлийн сан зайлшгүй шаардлагатай.
Сүүлийн үеийн онцлох ажлын нэг нь НҮБ-ын ESCAP-тай хамтран хэрэгжүүлсэн уур амьсгалын стресс тестийн туршилт юм. Энэхүү туршилт нь зохицуулагч байгууллагуудад уур амьсгалын эрсдэл санхүүгийн тогтолцоонд хэрхэн нөлөөлөхийг үнэлэх аргачлал, шаардлагатай өгөгдөл, цаашид хөгжүүлэх чиглэлээ тодорхойлоход чухал туршлага болсон. Харин банкнуудын хувьд уур амьсгалын эрсдэлийн шинжилгээг хэрхэн хийх, түүний үр дүнг зээлийн бодлого болон эрсдэлийн удирдлагатайгаа хэрхэн уялдуулах талаар бодит ойлголт, туршлага хуримтлуулах боломж бүрдсэн.
Туршилтын үр дүнгээс харахад хөдөө аж ахуй, эрчим хүч, уул уурхайн салбарууд уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд хамгийн өртөмтгий салбаруудын тоонд багтаж байгаа нь цаашдын бодлого, санхүүжилтийн шийдвэрт энэ эрсдэлийг илүү системтэй тусгах шаардлагатайг харуулсан.
Товчхондоо, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр зарим салбарын зээлийн эрсдэл нэмэгдэх хандлагатай байгаа учраас банкнууд тэр эрсдэлээ эхлээд хэмжих, дараа нь хэрхэн бууруулахаа одооноос анхаарч эхлэх шаардлагатай гэсэн үг. Монголбанкны зүгээс арилжааны банкнуудыг уур амьсгалын эрсдэлийг тооцох, удирдах, бууруулах чиглэлд банкны хяналт, шалгалтын тогтолцоог өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Мөн энэ чиглэлд банкнуудыг идэвхжүүлэхэд бодлогын хөшүүргүүдийг зохистой түвшинд шат дараатай ашиглах боломж нөхцлийг бүрдүүлэхэд Монголбанк анхаарал хандуулж ирсэн.
Гэвч ногоон санхүүжилтийн дараагийн шатны хөгжил нь зөвхөн санхүүгийн салбараас бус, эдийн засгийн бүх тогтолцооны бэлэн байдлаас шалтгаална. Тиймээс Төв банкны бодлого, зохицуулалтын зэрэгцээ салбар хоорондын уялдаа, стандарт, өгөгдөл, хэмжилт, баталгаажуулалтын тогтолцоог цогцоор нь бүрдүүлэх нь нэн чухал болоод байна
Дээрх дурдсан сорилтуудыг шийдэх шийдэл юу вэ?
Тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зурагт тусгаснаар 2030 он гэхэд арилжааны банкнууд ногоон зээлийн багцаа 10 хувь, банк бус санхүүгийн байгууллагууд 5 хувьд хүргэх зорилт дэвшүүлсэн. Гэвч эдгээр зорилтыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд ногоон бизнес, төслүүдийг эдийн засгийн хувьд илүү өрсөлдөх чадвартай болгох бодлого, урамшууллын тогтолцоо зайлшгүй шаардлагатай.
Учир нь ногоон төслүүд уламжлалт хөрөнгө оруулалттай харьцуулахад илүү өндөр анхны хөрөнгө оруулалт шаарддаг, дэвшилтэт технологи ашигладаг, олон улсын стандарт мөрдөхөөс гадна хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тогтолцоог хэрэгжүүлэх шаардлагатай байдаг.
Энэ бүхэн нь төслийн нийт өртгийг нэмэгдүүлдэг. Иймээс зөвхөн зах зээлийн зарчмаар хөгжүүлбэл олон ногоон төсөл эдийн засгийн хувьд өрсөлдөхөд хүндрэлтэй байх эрсдэлтэй.
Үүнийг шийдэхэд дэлхийн бусад оронд эдийн засгийн хөшүүргийн механизмуудыг ашиглаж байна. Жишээлбэл, БНХАУ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарыг бодлогын дэмжлэг, татварын хөнгөлөлт, хөрөнгө оруулалтын урамшууллаар эрчимтэй дэмжиж, ногоон шилжилтийн хурдаа мэдэгдэхүйц нэмэгдүүлсэн.
Монгол Улсын өнөөгийн ногоон зээлийн бүтцийг харахад нийт багцын 60 гаруй хувь нь эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны санхүүжилтэд ногдож байна. Энэ нь тухайн салбарт стандарт, үнэлгээ, баталгаажуулалтын тогтолцоо харьцангуй сайн бүрдсэнтэй холбоотой. Харин сэргээгдэх эрчим хүчний санхүүжилт нийт ногоон зээлийн 9 хувь, цэвэр тээврийн санхүүжилт 7 хувийг эзэлж байгаа бол технологийн шинэчлэл шаардлагатай бусад салбаруудад хөрөнгө оруулалт хангалттай хэмжээнд хүрч чадахгүй хэвээр байна.
Тиймээс дараагийн шатанд зөвхөн санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэхээс гадна ногоон бизнесийг дэмжих бодлогын урамшуулал, баталгаажуулалтын стандарт, хөрөнгө оруулалтын таатай орчин, зах зээлийн дэмжих механизмыг цогцоор нь хөгжүүлэх шаардлагатай. Эцсийн дүндээ тогтвортой санхүү гэдэг нь зөвхөн ногоон төслүүдийг санхүүжүүлэх тухай ойлголт биш, харин ирээдүйн эрсдэлийг даах чадвартай, олон улсын зах зээлд өрсөлдөх эдийн засгийн суурийг өнөөдрөөс бүрдүүлэх тухай билээ.
