Эх дэлхийгээ энэрэх, тогтвортой хөгжлийн том зорилтуудад хүрэх чухал нэгэн хөшүүрэг нь санхүүгийн байгууллагууд билээ. Учир юу вэ? гэдгийг үндэсний хэмжээний хамгийн том банк, тогтвортой, ногоон санхүүгийн чиглэлд зам татуулан үлгэрлэж яваа ХААН Банкны түүхийг хуваалцахаар тус банкны Тогтвортой хөгжлийн газрын захирал М.Мандахмягмартай ярилцлаа. Монгол Улсын банкны салбарын актив хөрөнгийн 28 хувийг дангаараа бүрдүүлдэг тэд 2023 онд Монгол Улсаас анх удаа олон улсын болон дотоодын хөрөнгийн зах зээлд Ногоон бонд гаргаж байсан бол энэ онд Жендэр бонд гаргасан билээ. Нийгмийн болон Жендэрийн бондууд нь том зургаараа жендэрийн эрх тэгш байдлыг хангах, баталгаат ажлын байр бий болгох, тэр дундаа Монгол Улсын эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний эдийн засгийн идэвх оролцоог сайжруулах, санхүүжүүлэх зорилготой юм.
Манай уншигчдад өөрийн карьерийн түүхээс товч танилцуулна уу?
Миний хувьд Хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурч, СЭЗИС-ийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн. 2016 онд ХААН Банкны Маркетинг, олон нийттэй харилцах газарт ажилд орж, мерчендайзер буюу салбарын стандарт хангах ажил хийдэг байлаа. Монгол Улсын аль ч аймагт ХААН Банкны салбар нэгж, тооцооны төвөөр үйлчлүүлж буй харилцагч яг л ижил стандарт, орчинд үйлчилгээ авах ёстой учир оффис тохижилт, сурталчилгааны самбар, харилцагчид үзүүлэх биет болон биет бус маркетингийн бүх сувгууд нэг стандартын дагуу байх ёстой. Тэр сонирхолтой ажлын дараа төд удалгүй ХААН Банк сангийн нийгмийн хариуцлага болон банкны хэмжээний арга хэмжээг хариуцан зохион байгуулах үүрэгтэй менежерээр ажиллах болсноор тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилттэй холбогдож, одоогийн карьерийн замнал эхэлсэн түүхтэй.
Банкнууд олон улсын байгууллагаас тэдэн сая ам долларын санхүүжилт татлаа гэх гарчигтай мэдээ олонтоо гардаг. Энэ нь нэг талаараа Монголын санхүүгийн байгууллагуудын чадавх, түвшинг харуулж буй хэрэг. Гэхдээ ард нь ямар үйл явц өрнөдөг тухай хүмүүс тэр бүр мэддэггүй болов уу?
Олон улсаас их хэмжээний санхүүжилт татахад хөрөнгө оруулагчид ямар шаардлага тавьдаг вэ, түүний ард ямар ажил өрнөдөг вэ?
Монголын банк санхүү гэлтгүй хувийн хэвшлийн байгууллагууд олон улсаас санхүүжилт татах нь жилээс жилд нэмэгдэх болсон. Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжилд дэлхий нийт анхаарал хандуулж, дийлэнх санхүүжилтүүд энэ чиглэл рүү төвлөрч байна. Манай улс саяхан Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо шинэчлэн NDC 3.0 баримт бичгээ баталлаа. 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 22.7 хувь бууруулахаар тодорхойлсон байсныг 2035 он гэхэд 30.3 хувь бууруулахаар зорилтоо ахиулан шинэчлэв. Үүнийг хэрэгжүүлэхэд 14.84 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай гэж тооцсон. Тиймээс цаашид энэ чиглэлд санхүүжилт олгох болон санхүүжилт татах байгууллагууд нэмэгдэнэ.
Гаднаас санхүүжилт татахад хөрөнгө оруулагчдын суурь шаардлага жилээс жилд улам бүр чангарч байна. Жишээ нь ХААН Банк 2022 оноос хойш ногоон болон тогтвортой санхүүжилтийн чиглэлээр нийт нэг тэрбум гаруй ам.долларын эх үүсвэр татахад, мөн энэ чиглэлийн бондуудыг босгоход маш олон төрлийн асуулга биднээс авсан. Байгууллагын санхүүгийн чадавхаас гадна тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангаж буй талаас, жишээ нь “Танай байгууллага ажилтнуудынхаа эрхийг хэрхэн хамгаалдаг вэ, ажиллах хүчний тогтвортой байдлаа стратегийн түвшинд яаж харж байна вэ, удирдлага болон ажилтнуудын түвшинд жендэрийн тэгш эрх байдал, албан тушаал ахих тэгш эрхийг хэрхэн хангадаг вэ?” зэрэг олон нарийн асуулга байсан.
Үүгээр зогсохгүй уур амьсгалын өөрчлөлтийг банк хэрхэн анхаарч байна вэ?, ажлын оффисын дотоод агаарын чанар, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ хэд вэ, тэр харьцаа алдагддаг уу, хянадаг уу, зээл авч буй харилцагч хүлэмжийн хийн ялгарлаа тооцож байна уу, түүнд нь тусалдаг уу, харилцагчаа хамгаалах ямар бодлого байдаг вэ? гэх мэтчилэн өндөр шаардлага тавьдаг. Эдгээр нарийн стандартыг нэг бүрчлэн хангасны үр дүнд хөрөнгө босгож байгаа нь ХААН Банк тогтвортой хөгжилд хэрхэн манлайлж байгаагийн тод жишээ болов уу.
ХААН Банк Монгол Улсад анх удаа Ногоон болон Жендэр бонд гаргасан. Дэлхийн банкны судалгаагаар эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо 10 хувь нэмэгдэхэд ДНБ даруй 1-2 хувь өсөх боломжтой тухай дурдсан байдаг. Эдгээр санхүүгийн бүтээгдэхүүнүүд эдийн засагт болон бусад салбарт ямар үр өгөөжтэй тухай тайлбарлавал?
Жендэр бонд бол Тогтвортой хөгжлийн 5-р зорилго буюу “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах”-ын төлөөх эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог дэмжих санхүүжилт юм. Манай улсын эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа 49:51 байдаг. Олон жилийн дунджаар өөрчлөгдөхгүй хэвээр байгаа. Гэхдээ эдийн засгийн оролцоо хийгээд ажиллах хүчний хувьд эрэгтэйчүүд давамгайлсаар ирсэн. ТоС Холбоо, Азийн сан мөн АХБны хийсэн жендэрийн холбогдох судалгаануудаас харахад эмэгтэйчүүдийн эдийн засгийн болон хөдөлмөр эрхлэлтийн оролцоог 10 хувиар нэмэгдүүлэхэд, манай улсын нэг хүнд ногдох ДНБ 0.5 хувиар өсөөд зогсохгүй, 30 жилийн дотор улсын эдийн засаг 16 хувиар тэлнэ гэсэн статистик бий. Мөн монгол эмэгтэйчүүд эдийн засгийн оролцоо өндөр, санхүүгийн сахилга бат сайтай боловч тэд санхүүжилтийн боломжийг ижил тэгш хүртэж чаддаггүй. Учир нь өрхийн тэргүүн гэдэг хэвшмэл ойлголтоор өмч хөрөнгийг зөвхөн нөхөр нь эзэмшдэг, хувийн бизнестэй бол нөхөр нь захирал байх жишээтэй. Эрчүүд өмчтэй, зээлийн сайн түүхтэй учир эмэгтэйчүүдтэй харьцуулахад даруй 20-30 хувиар илүү зээл авдаг. Гэхдээ энэхүү хэвшмэл ойлголттой холбоотой асуудлыг санхүүгийн байгууллагууд шийдэж болно.
Жишээ нь, хэрэв гэр бүл орон сууцны зээл авах гэж буй бол шаардлагад нь орон сууцны өмчлөл эхнэр, нөхрийн нэр дээр байна гэж зааж болно. Ингээд харвал санхүүгийн байгууллага бол нийгэм, байгаль орчны аль ч салбарт тогтвортой хөгжлийг бий болгох хөшүүрэг юм. Гэвч нөгөөтээгүүр санхүүгийн байгууллага бүр өөр өөр шаардлага тавьж болохгүй. Учир нь бид салбартаа “Ногоон таксономи”, “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи” зэрэг баримтлах замын зургууд гаргаж, хамтдаа 2030 гэхэд хаана хүрэх вэ гэдгээ тодорхойлсон. Түүнд багтсан шалгуур үзүүлэлт, суурь түвшин ижил байж гэмээнэ, хамтдаа цаашид хөгжинө.
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн төлөө хүн төрөлхтөн нийтээрээ шинэ санаачилга гаргаж, хийж болох олон зүйл туршсаар байна. ХААН Банкны хувьд энэ зорилгыг хэрэгжүүлдэг нь танай газар.
Тогтвортой хөгжлийн газар хэрхэн ажилладаг вэ? Бусдаасаа ямар онцлогтой вэ?
2022 онд манай банкны шинэчилсэн зохион байгуулалтаар “Тогтвортой хөгжлийн газар” гэх шинэ нэгж байгуулагдсан. Манай газар үндсэн хоёр чиглэлээр ажилладаг. Эхнийх нь банкны нийгмийн сайн сайханд чиглэсэн бүхий л төсөл, хөтөлбөрийг төлөвлөж, хэрэгжүүлнэ. Бизнес ашигтай ажиллахын зэрэгцээ нийгэмдээ хувь нэмрээ оруулах нь бизнесийн хариуцлагын зарчим. Манай банкны хувьд үүнийг байгуулагдсан цагаасаа ухамсарлаж, нөлөөллийн олон ажил хийдэг байсан. 2007 онд илүү системтэй болгохоор тодорхой төсөв гаргаж ХААН Банк санг анх байгуулсан. Энэхүү сангаараа дамжуулан өнгөрсөн 18 жилийн хугацаанд нийт 523 төсөл, хөтөлбөрийг 22.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж, нийтдээ 510 мянган иргэдэд шууд ба шууд бусаар эерэг нөлөөллийг бий болгож, эрүүл мэнд, боловсрол, спорт, соёл урлаг зэрэг олон салбарт уламжлал болгон хэрэгжүүлсээр ирсэн.
Бидний хоёр дахь чухал ажил бол тогтвортой хөгжил. 2013 онд ТоС хөтөлбөр эхэлсний дараа банкнууд хамтран “ТоС-ын 8 зарчим”-ыг баталж, БОНЗ-ын тайлангаа илгээдэг байв. Тухайн үед зээлийн хүсэлтэд БОНЗ-ын үнэлгээ хийдэг мэргэжилтэн нь ТоС хөтөлбөрийг хариуцдаг байлаа. ХААН Банк санг хариуцдаг байх үедээ би 2018 онд өөрийн санаачилгаар ТоС хөтөлбөрийн харилцааг хариуцах болсон. Тэр үеэс санхүүгийн байгууллага зөвхөн зээл, санхүүжилт олгохдоо хариуцлагатай хандаад зогсохгүй тогтвортой хөгжлийн зорилтуудыг мөн хангаж ажилласнаар байгууллага урт удаан, тогтвортой оршин тогтноно гэдэг философийг ухаарч байлаа. Гэхдээ бидэнд дагаж мөрдөх баримт, хараад үлгэрлэх бэлэн жишээ байсангүй. Аль чиглэлд, яаж ажиллах тухай өөрсдөө судалж, гаднын банкнуудын сайн жишээг ажиж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг банканд хэрэгжүүлэх дөрвөн зарчим гаргалаа. Дараа нь ТУЗ-д танилцуулахад бидний санаачилгыг сайшаан дэмжиж, хүлээн авсан. Монгол Улсын хэмжээнд хамгийн том банк, шилдэг ажил олгогч буюу нийт 5,500 гаруй ажилтантай байгууллагын хувьд манай газар цомхон боловч дэлхий дахинаа тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтөөс үүсэх сөрөг нөлөөллийг бууруулах, банкны байгаль орчин, нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөг нэмэгдүүлэх хариуцлагатай ажлыг хийдэг гэж хардаг. Үүнд банкны хэмжээний нийгмийн хариуцлагын төслүүд, Банкны Тогтвортой байдлын стратеги, бодлого, зорилтын хэрэгжилт, тайлагнал, ТоС хөтөлбөр, олон улсын байгууллагуудаас татах хөрөнгө оруулалтын хүрээнд авдаг тогтвортой санхүүжилт ба БОНЗ-ын асуулгууд, түүний зэрэгцээ бусад банкны тогтвортой хөгжилтэй холбогдох бүхий л ажлуудад оролцоотой ажиллаж байна.
ХААН Банк тогтвортой хөгжлийн чиглэлд ямар стратегитай ажиллах, хаашаа юунд зорих, түүний дагуу ямар ажлууд хийх, энэ нь эцсийн хэрэглэгчид ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг бид том зургаар нь төлөвлөн ажилладаг. ТУЗ-ийн даргаас эхлээд Увс аймгийн Тэс сумын тооцооны төвийн борлуулалтын ажилтан хүртэл ойлгодог байх тэр бодлого, чиглэлийг тодорхойлох нь бидний ажил юм.
Тогтвортой санхүүжилт дэлхий нийтэд шинэ ойлголт. Салбартаа, банкандаа энэ чиглэлд шинийг санаачлан ажиллахад танай багийн хувьд хамгийн сургамжтай басхүү сорилттой туулсан төсөл, ажил юу байсан бэ?
Тогтвортой хөгжлийн газар байгуулагдсаны дараахан бид олон улсын түвшинд хаана яваагаа мэдэхээр анх удаа олон улсын байгууллагаар БОНЗ-ын үнэлгээ хийлгэх боллоо. Тэр үед миний ч тэр, банкны хувьд тогтвортой хөгжилтэй холбоотой хийж хэрэгжүүлсэн бүх зүйлээ эргэж харах ажил гарав. Яагаад гэвэл ганцхан товч дараад шүүж олох мэдээлэл биш. Мөн асуулга дунд нэр томьёо, ойлголтын хувьд зөрүүтэй, салаа утгатай зүйлс олон байсан. Жишээ нь “Сollective bargaining” гэдэг нь үйлдвэрчний эвлэл үү, эвлэлдэн нэгдэх тухай ойлголт уу, хүний эрх гэвэл зөвхөн ажилтнууд уу, харилцагчтай хамаатай юу гэх мэт. Гэхдээ тэр болгонд олон зүйл сурч, байхгүй зүйлээ бий болгож, баримтжуулах, байгаагаа илүү сайжруулах ёстойг ухаарч банкны бизнес загварт нөлөөлөх ажлууд өрнүүлж, ард нь гарч байлаа.
Та ажлынхаа юунаас урам зориг, эрч хүч авдаг вэ? Юу таныг өглөө бүр сэтгэл дүүрэн ажлаа хийх хүч болдог вэ?
Хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ дурла, хоббигоо болго гэж багийнхандаа захидаг, өөрөө ч үүнийгээ амьдралдаа мөрддөг. Ямар ч хувцсанд хүрч, имрэхэд материалын сайн, муу, чанар чансаа мэдрэгддэг шиг ажлаа тийм түвшинд мэддэг байх нь чухал гэж боддог. Бидний хийж байгаа ажил үргэлж хүний, нийгмийн сайн сайхны төлөө чиглэж, олон хүн эерэг үр шимийг нь хүртдэг учраас хамгийн сайхан санагддаг. Ялангуяа дэлхий дахинаа уур амьсгалын өөрчлөлт хурдтай нөлөөлж буй энэ цагт тогтвортой хөгжлийн асуудлууд нэн чухал хөндөгдөж байна. Эх орондоо, үндэсний хэмжээний хамгийн том банкны нэг хэсэг болж ажиллангаа үүнд хувь нэмрээ оруулж байгаадаа маш их баярладаг. Мэдээж заримдаа асуудал бэрхшээл тохиох үе гарна. Гэхдээ томоор харвал хэн ч гишгээгүй газар мөр гаргаж байгаа нь эцэстээ шинэ замын эхлэл болохыг мэдрэх нь хамгийн гоё.
Бид өнгөрсөн сард банкны түүхэнд анх удаа “Тогтвортой байдлын стратеги”-ийг ТУЗ-өөрөө батлууллаа. Манай багийнхан 2023 оноос судалж, олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллан туршлагажиж, хоёр жилийн турш боловсруулсан баримт бичиг юм. БОНЗын хүрээнд ХААН Банк 2030 он хүртэл тогтвортой байдлын чиглэлд яаж ажиллах тухай “Үндсэн хууль” гэсэн үг. Удахгүй бид олон нийтэд зарлана. ХААН Банк Тогтвортой хөгжилд манлайлж ажиллахаар үнэт зүйлсдээ тусгасан. “Тогтвортой байдлын стратеги”-тэй болсон нь манай байгууллагын төдийгүй Монголын банк санхүүгийн салбарт, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд анхдагч нь. Бидний энэ жишгээр бусад байгууллага, бизнесүүд урагшлан хөгжих сэдэл болно гэдэгт итгэж байна.
ТоС Холбоотой анх та хэрхэн холбогдсон бэ?
ТоС Холбоо бол салбараа том зургаар нь харж, улсын хэмжээнд бодлого, нөлөөллийн ажлууд хийдэг төлөөллийн газар. Тогтвортой санхүүгийн чиглэлд ТоС Холбоотой хамтран бид нэлээд олон томоохон ажлын ард гарч байлаа. Замын зураг, Таксономи, Уур амьсгалын тайлагналын гарын авлагад санал хүсэлтээ өгч, боловсруулахад оролцсон. Мөн холбооноос зохион байгуулдаг гаднын туршлага судлах аялалд оролцож, олон зүйлс сурч мэдэж авсан. Миний хувьд санхүүжилтийн салбарт эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих “WIFFP 2023” хөтөлбөрт оролцож, амжилттай төгссөн.
Тэнд яг л “нуугдсан эрдэнэс” мэт салбартаа амжилттай яваа олон мундаг эмэгтэйчүүдтэй танилцаж, нөхөрлөсөндөө баярладаг. Хөтөлбөрт оролцсоны дараа жендэрийн тэгш эрхийн тухай ойлголт, харах өнцөг илүү бодитой болж, ажил амьдралдаа хэрэгжүүлдэг болсон. Жишээ нь, арга хэмжээ хэлэлцүүлэгт оролцох зочдын хүйсийн харьцаа тэнцүү байна уу, хөтлөгч нь эрэгтэй байвал уран бүтээлч нь эмэгтэй байх, ажил хуваарилахдаа хүртэл хүйсийн тэгш оролцоог хангах зэргээр өөрийнхөө түвшинд нөлөөллийн ажлаа хийсээр байна.
