Ажил, карьерын онцлох түүхээсээ хуваалцана уу, яагаад Транскапитал ББСБ-д ажилладаг вэ?
Би СЭЗИС-ийг банкны менежмент мэргэжлээр төгсөж, Унгар улсын Будапештын Корвинусын их сургуульд мастерын зэрэг хамгаалсан. 2019 онд Транскапитал ББСБ-д төслийн менежерээр ажлын гараагаа эхэлж байлаа. Сонирхолтой нь анх ярилцлагад ирэхдээ гүйцэтгэх захиралтай 1 цаг 40 минут ярилцсан. Шинэхэн мэргэжилтэн миний хүсэл зорилго, байгууллагын алсын хараатай хэрхэн нийлэх тухай, эрмэлзэл тэмүүлэлтэй ажилтан байгууллагад ямар үнэ цэн бүтээдэг тухай удаан гэгч нь ярилцсан нь тэр. Миний хувьд амьдралынхаа идэвхтэй хугацааг зарцуулах, хийж буй ажил минь зөв, утга учиртай, бусдад хэрэгтэй байхыг чухалчилдаг. Манай байгууллагын зорилго, хамт олны хүсэл эрмэлзэл үүнийг улам бүр бататгадаг учраас өнөөдрийг хүртэл тогтвортой, жаргалтай ажиллаж байна.
Транскапитал ББСБ тогтвортой санхүүжилтийг хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ?
Бид 2001 онд буюу үүсгэн байгуулагдсан цагаасаа байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлдээ тогтвортой санхүүжилтийг үзэл баримтлалыг шингээсэн. Микро санхүү буюу бичил санхүүгийн байгууллага нь санхүүгийн хүртээмж багатай иргэд, алслагдсан хөдөө орон нутгийн оршин суугчид, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчид, тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг санхүүгийн үйлчилгээтэй холбон дэмжихэд чиглэдгээрээ онцлогтой. Томоор харвал олон хүнийг ажлын байртай болгож, ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг бий болгоно.
Тогтвортой санхүүжилтийн хувьд бид 2019 онд ОУСК-ын зөвлөхийн тусламжтайгаар БОНЗ бодлогыг банк бусын салбартаа анхлан баталж байв. Түүнээс өмнө нь ч бусад бодлого, журамдаа хэрэгжүүлдэг байсан. Санхүүжилт бол зөвхөн эдийн засгийн асуудал биш. Тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлснээр олон улсаас санхүүжилт татна, байгууллага дотоод эрсдэлээ удирдана, байгаль орчин, нийгэмдээ эерэг бизнесүүдийг дэмжихийн зэрэгцээ урт хугацаандаа эдийн засгийн өсөлт бий болгодог аль аль талдаа үр нөлөөтэй ажил юм.
Бид 2013 оноос гадаадын санхүүжилт татаж эхэлснээр бичил, жижиг, дунд бизнесийг дэмжих, ногоон зээл олгох гэх мэт чиглэлд олон улсын түншүүдтэй хамтран олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал, ус болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой эко нойлын санхүүжилт, баталгаат ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх төсөл, эмэгтэй болон залуу бизнес эрхлэгчдийг дэмжих төрөлжсөн хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлсээр байна. Эдгээр ажлууд нь өмнөх 24 жилийн турш бий болсон бидний сайн туршлага, үнэтэй нөлөөлөл, харилцагч түншүүдийн итгэлцлийн бодит үр дүн болов уу.
Бизнес хөгжлийн хэлтэс юунд төвлөрч, хэрхэн ажилладаг вэ?
Манай хэлтэс маркетинг, олон улсын харилцаа, төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн бизнес хөгжил зэргийг хамарна. Гаднын ихэнх санхүүжилт төсөл хэлбэрээр хэрэгждэг. Тэдгээрийн техникийн зааварчилгаанаас сурах зүйл их бий. Амжилттай төслүүдээс онцолбол, тогтвортой хөгжлийн таксономын жендэрийн тэгш байдлыг бий болгох зорилгын хүрээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийг 2021 онд Европын сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хэрэгжүүлсэн.
Санхүүгийн салбарт эрэгтэй бизнес эрхлэгчид эмэгтэйчүүдээс даруй их хэмжээтэй зээл авдаг. Учир нь нийгмийн хэвшмэл ойлголттой холбоотойгоор эд хөрөнгө нөхрийн нэр дээр байдаг, эмэгтэйчүүд барьцаа хөрөнгөгүй байх, хүүхэд төрүүлээд амьдралын идэвхгүй хэлбэрт шилждэг талтай. Бид уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ санхүүгийн эрэгтэй зөвлөх эмэгтэй бизнес эрхлэгчийг ойлгохгүй байх вий, эрэгтэй хүнийг илүүтэй дэмжих вий, жендэр биас гаргах вий гэж таамаглаж суурь судалгаа хийсэн.
Эмэгтэйчүүд ч машин засварын бизнес эхлүүлж чадна гэдэг ойлголт, хандлагыг төлөвшүүлэхийн тулд дотроо сургалт, үйл ажиллагаанууд зохиож, дараа нь харилцагчаа сургаж эхэлсэн. Түүнчлэн 2021 онд “Entrepreneur Development Center” байгуулсан нь учиртай. Эмэгтэй бизнес эрхлэгчид хоорондоо нэгдэх, хамтрах, туршлагаа хуваалцах орон зайг бий болгох, танхимын болон онлайн сургалт, семинар арга хэмжээнүүдээр дамжуулан тэднийг бойжуулан чадавхжуулдаг. Одоогоор 4000 орчим залуу, эмэгтэй бизнес эрхлэгч нарт үр шимээ хүртээсэн байна.
Санхүүгийн тэгш боломжийг зорилтот бүлгүүдэд хүргэж буй онцгой бүтээгдэхүүн, үйлчилгээнээс хуваалцвал?
Бид тогтвортой хөгжлийн 17 зорилтоос ядуурлыг бууруулах, жендэрийн тэгш байдал, эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болгох, уур амьсгалын өөрчлөлт бууруулах зорилтуудыг баримтлан ажилладаг. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ эмэгтэй бизнес эрхлэгчдийн эрэлт хэрэгцээг тодруулж гурван зүйлд төвлөрсөн. Нэгдүгээрт санхүүгийн бус үйлчилгээ буюу EDC төвийг байгуулсан, хоёрдугаарт эрэгтэй зээлдэгчдээс 0.1 функт бага байх хүүгийн хөнгөлөлт болон барьцаагүй зээл, барьцаа хөрөнгийг зах зээлийн түвшинд өндөр үнэлэх зэрэг дэмжлэг үзүүлснээр эрэгтэй, эмэгтэй зээлдэгчдийн зааг үнэмлэхүй ойртсоор байна. Бидний хэрэгжүүлсэн энэхүү ажлыг үнэлж ЕСБХБ-ны санхүүжүүлсэн бүх төслүүдийн дундаас жендэр эдийн засгийн оролцоо төрөлд “Gold Award 2024” шагнал хүртсэн.
2023 онд ЕСБХБ-ын санхүүжилтээр Монгол Улсад анхлан залуу бизнес эрхлэгчдийг дэмжих зээл гаргасан. Энэхүү зээлийн багцын онцлог нь дөнгөж бизнес эхлүүлж буй залуучуудыг чадавхжуулах зорилготой. Тэдэнд зориулан 10 сая хүртэлх дүнд барьцаагүй зээл олгодог, 12 хүртэлх сарын хугацаанд зээлээс чөлөөлөгдөнө, боломжтой хөрөнгөө барьцаалаад өндөр дүнтэй зээл авч болно. Нэмээд EDC -ийн санхүүгийн бус үйлчилгээ буюу танхимын, онлайн сургалт, семинаруудад хамрагдах боломжтой. Цаашлаад амжилттай бизнесүүдийг менторшип хөтөлбөрт хамруулдаг. Транскапитал ББСБ Монгол орон даяар 39 салбартай. Манай эдийн засагчид зөвхөн зээл олгох бус санхүүгийн зөвлөгөө өгнө. Учир нь орон нутгийн бичил бизнес эрхлэгчдэд эхлээд санхүүгийн мэдлэг ойлголтыг мэдүүлэх, чадавхжуулах хэрэгцээ байдаг.
ББСБ-ууд тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэхэд зохицуулалтын салбарын ямар дэмжлэг хэрэгтэй вэ?
Манай улс саяхан “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ыг шинэчлэн баталлаа. Томоохон ББСБ-ууд нэгдэн ногоон зээлийн багцын өмнөх 5 хувийг ахиулан 10 хувь болгохоор зорьсон. 2025 оны III улирлын байдлаар 577 ББСБ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас зээл олгодог нь 511 юм. Тэдний дотроос 42 ББСБ, 150 тэрбум төгрөгийн ногоон зээл гаргасан байна. Энэ тоо бага байгаа нь мэдээж олон шалтгаантай. Нэгдүгээрт санхүүжилт. Олон улсаас санхүүжилт татах, тэдний шаардлагад нийцэхэд амаргүй. Санхүүжилт татсаны дараа ханшийн эрсдэлд орохгүйн тулд арилжааны банк Монголбанктай шууд своп хэлцэл хийдэг бол ББСБ-ууд арилжааны банкаар дамждаг.
Нөгөө талдаа аль улсаас санхүүжилт татсанаас хамаарч давхар татвар төлнө. Гэтэл бодлогын орчинд төр засгаас банкнуудыг илүүтэй дэмжиж, ББСБ-уудыг орхидог талтай. Жишээ нь арилжааны банкны төлөх давхар татварын хувь ББСБ-уудтай харьцуулахад бага байдаг. БОАЖЯ-аас олгодог 3 хувийн татаастай зээл бий. Уг зээлийн нийт 3–4 тэрбум төгрөг гурван банканд хуваагдан олгогдож байгаа тул зах зээлд харилцагчдад их хэмжээний санхүүжилт 3 хувийн хүүтэйгээр орж ирж байгаа мэт ойлголт үүсгэдэг. Мөн энэ жил нийслэлээс нийт 5,000 Монгол гэрийг дулаалж өгч байгаа үйлдэл нь бусад үлдсэн иргэдийн дунд төрөөс дулаалга хийж өгөх хүлээлт бий болгож байна.
Бидний хувьд агаарын бохирдлыг бууруулахын тулд хашаа байшингийн дулаалгын зээлүүд болон төслийн хүрээнд Чип, ЖЭРЭС ОУТББ-ын дулаан шийдэл төслүүдтэй хамтран ажиллаж байна. Гэр хорооллын айл өрхүүдэд бүтээгдэхүүнээ танилцуулахад төрөөс ирээд дулаалга хийх эсвэл 3 хувийн зээл авахыг хүсч байна гэсэн хүлээлттэй байдаг. Ийм нөхцөлд дулаалгын бизнес эрхэлдэг бригад, барилгын компаниуд зах зээлд өрсөлдөх боломж багатай болох эрсдэлтэй. Тиймээс зах зээлд ижил тэгш нөхцөлөөр өрсөлдөх боломжийг бүрдүүлэх нь чухал гэж боддог.
