Монголын банк, санхүүгийн салбарт тогтвортой санхүүгийн тухай ойлголт “моод” болохоос өмнө томоохон төслүүдийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийг алсын хараатай тооцоолж ирсэн манлайлагчдын нэг бол Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон юм.
Тэрээр банкны салбарын хөгжлийн түүхэн мөчлөгт гар бие оролцож, эх дэлхийдээ, нийгэмдээ ээлтэй алсын хараатай санхүүжилтийн соёлыг нутагшуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Өнөөдөр "Ногоон зээл", "Тогтвортой хөгжил" гэх ойлголтууд дэлхий нийтийн чиг хандлага болсон хэдий ч, түүний хувьд 20 гаруй жилийн өмнөөс эхэлсэн ажлын зарчим, үнэт зүйл нь байсаар ирж. Банкны салбар зөвхөн мөнгөн урсгалын зангилаа биш, харин нийгмийн хариуцлагатай хөгжлийн хөтлөгч хүч гэж хардаг түүний сонирхолтой ярилцлагыг хүлээн авна уу.
Та анх санхүүгийн салбарт хэрхэн хөл тавьсан бэ? Тэр үеийн Монголын банк, санхүүгийн орчин ямар байсан бэ?
Би 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг банкны эдийн засагч, санхүүч мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа Монгол Улсын арилжааны ууган банк Худалдаа хөгжлийн банканд эдийн засагчаар эхэлсэн. Тэр үед банкны салбар хоёр шатлалт тогтолцоонд шилжээд удаагүй, зах зээлийн эдийн засгийн цоо шинэ түүхийг арилжааны банкнууд бичилцэж байсан онцгой үе. Залуу мэргэжилтний хувьд шинэ системд хөл тавьсан тэр он жилүүд сурах зүйл ихтэй, тасралтгүй хөгжих боломж олгож байснаас гадна салбарын ирээдүйн чигийг тодорхойлох хариуцлагатай мөч байв.
Өнөөдрийнх шиг техник технологи, дэлхийтэй холбогдох боломж хомс байсан ч тэр бэрхшээл, сорилтууд биднийг дасгалжуулж, одоогийн тогтвортой байдлын суурийг тавьсан гэж боддог.
Ууган арилжааны банкны ажилтны хувьд шинээр байгуулагдаж буй үндэсний компаниудтай улс орны эдийн засгийн гол хөдөлгүүр болсон дэд бүтэц, аж үйлдвэр, төмөр замын томоохон төслүүд дээр хамтран ажилласан нь ажил мэргэжлийн болоод мэдлэг туршлагын томоохон суурь болж өгсөн.
Таны карьерын эхний жилүүдэд тогтвортой санхүүгийн тухай яригддаг байсан уу? Монголд энэ ойлголт хэзээнээс бодитоор нэвтэрсэн бэ?
Тухайн үед тогтвортой санхүү гэдэг нь одоогийнх шиг бие даасан онол, хэрэглээ болоогүй байсан. Бид шилжилтийн үеийн эдийн засагт санхүүгийн байгууллагыг тогтвортой байлгахын тулд урт хугацаанд тэсвэртэй төслүүдийг сонгох, бодит эдийн засагт баялаг бүтээх салбаруудыг дэмжих гэсэн зарчмуудыг баримталдаг байлаа. Харин 2010 оноос хойш энэ ойлголт бодлогын түвшинд, нэр томьёоны хувьд ч илүү тодорхой болж орж ирсэн нь Олон улсын санхүүгийн байгууллагууд болон гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдийн оролцоо нэмэгдсэнтэй шууд холбоотой.
Жишээлбэл, манай банк 2012 онд Нидерландын Хөгжлийн Банк (FMO)-тай хамтран анх удаа Байгаль орчин, нийгмийн хариуцлагын эрсдэлийн менежментийн системийг нэвтрүүлж байв. Бид зөвхөн дотооддоо хэрэгжүүлээд зогсоогүй, боловсруулсан бодлогын баримт бичиг, эрсдэлийн үнэлгээний загвар, дүрэм журмаа бусад банкнуудтай нээлттэй хуваалцаж, сургалт зохион байгуулах зэргээр тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг Монголдоо нутагшуулахад хамтран ажилласан. Дэлхийн шилдэг туршлага, олон улсын стандартыг өөрийн орны онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх нь салбарын хөгжил, эерэг өөрчлөлтийн гол хөшүүрэг болдог.
ТоС Холбоо байгуулагдсанаар салбарын хөгжилд гарсан хамгийн том өөрчлөлт юу вэ?
ТоС Холбоо нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн санхүүгийн салбар болон бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой санхүүгийн дэд бүтцийг системтэйгээр бүрдүүлэх чиглэлд олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж ирлээ. Ялангуяа зохицуулагч байгууллагуудын дэмжлэгтэйгээр бодлогын томоохон баримт бичгүүдийг батлуулж, ногоон эдийн засгийн өсөлтийг хангах дэд бүтцийг бий болгож чадсан.
ТоС-ийн найман зарчмыг харвал энэ санаачилга зөвхөн банкны салбараар хязгаарлагдахгүй нь тодорхой харагддаг. Өнөөдөр ТоС Холбоо нь арилжааны банкнуудаас гадна банк бус санхүүгийн байгууллагууд, хөрөнгийн зах зээлийн оролцогчид, цаашлаад бизнесийн байгууллагуудыг нэгтгэн ажиллаж байна. Тогтвортой санхүүжилт нь зөвхөн санхүүгийн салбарын дотоод ойлголт биш, үндэсний эдийн засгийн хөгжлийг тодорхойлох суурь стандарт болон төлөвлөж буй нь салбарт гарсан утга учиртай өөрчлөлт гэж хэлж болно.
Худалдаа хөгжлийн банк тогтвортой санхүүг Монголын банкны салбарт нэвтрүүлэхэд анхдагч үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг бодит жишээгээр тайлбарлавал, танай банкны анхны бодит алхмууд юу байсан бэ?
Худалдаа, хөгжлийн банк тогтвортой санхүүжилтийн үзэл баримтлалыг Монгол Улсад анхлан дэвшүүлж, бусад арилжааны банкнуудтай хамтран салбарын хэмжээнд нэгдсэн хандлага, хамтын зорилгыг төлөвшүүлэхэд манлайлан оролцож ирсэн. Тухайлбал, 2012 оноос зээлийн үйл ажиллагаанд байгаль орчин, нийгэм, засаглалын шалгуур (ESG)-ыг системтэй нэвтрүүлсэн. 2013 онд Нидерландын хөгжлийн банк, Монголын банкны холбоо, ОУСК болон Банк, санхүүгийн академитай хамтран “Тогтвортой санхүүгийн форум” нь байгуулсан маань ТоС Холбоо байгуулагдах суурь болсон.
Түүнчлэн 2018 онд “Тогтвортой санхүүжилтийн манлайлагч байгууллага”- аар шалгарч, цаашлаад 2022, 2023 онуудад энэхүү манлайллыг үргэлжлүүлэхдээ олон улсын туршлагыг нутагшуулах, салбарын оролцогчдын чадавхыг бэхжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж ирсэн. Түүнчлэн УАНС-ын итгэмжлэгдсэн байгууллагын хүрээнд 2022– 2023 онд “Монгол Улсад тогтвортой, ногоон санхүүжилтийн хэрэгжилтийг нэмэгдүүлэх Бэлэн байдлын хөтөлбөр” төслийн хүрээнд ТоС Холбоотой хамтран ажиллаж бодлогын болон практик түвшний нөлөөг бодитоор бэхжүүлсэн.
Банкнууд анх ESG, ногоон зээл гэх ойлголтыг хүлээж авахдаа ямар сорилтуудтай тулгарч байсан бэ? Манлайлагч удирдлагын хувьд хамгийн хэцүү шийдвэрүүдийн нэг нь юу байсан бэ?
Хамгийн том сорилт бол ойлголтын зөрүү байсан. Зарим нь үүнийг нэмэлт зардал, дарамт гэж харж байхад нөгөө хэсэг нь урт хугацааны эрсдэл гэж ойлгож байв. Зах зээл дөнгөж төлөвшиж байсан үед өгөгдөл, арга зүй дутмаг үед шийдвэр гаргахад амар байгаагүй. Манлайлагч хүний хувьд богино хугацааны ашиг, хурдан өсөлтөөс илүү урт хугацааны тогтвортой байдлыг сонгож, салбарыг тэр чиглэлд хамтын ажиллагааг эхлүүлж, итгэлцлийг бий болгох байсан.
Тогтвортой санхүүг “зардал” биш “боломж” гэж харах шилжилт хэзээ бий болов?
Энэхүү шилжилт нь нэг мөчид гэнэт бий болоогүй. 2010 оноос хойш бодит туршлага, практик сургамж дээр үндэслэн шат дараатай төлөвшсөн юм. Анхандаа банкнууд болон бизнесүүд тогтвортой санхүүг нэмэлт дарамт, тайлагналын шаардлага эсвэл богино хугацааны зардал гэж харж байсан нь нууц биш. Гэвч уур амьсгалын эрсдэл, нийгмийн сөрөг нөлөө, засаглалын сул талууд бодитоор санхүүгийн эрсдэл болж хувирснаар энэ ойлголт бизнесийн үндсэн стратегийн түвшинд шилжсэн.
Тогтвортой байдлыг үйл ажиллагаандаа системтэйгээр шингээсэн компаниуд урт хугацаанд санхүүжилт татах чадвараа нэмэгдүүлж, эрсдэлээ оновчтой удирдахаас гадна олон улсын зах зээлд нэвтрэх бодит боломжийг бүрдүүлж байгааг бизнесүүд туршлагаараа харж байна.
Жишээлбэл, Монголын банкнууд олон улсын байгууллагуудаас ногоон эх үүсвэр татахдаа илүү таатай нөхцөл тохирч байгаа нь тогтвортой санхүү бол зөвхөн зардал бус, харин өрсөлдөх чадвар, итгэлцэл, урт хугацааны өсөлтийн суурь мөн гэдгийг баталж байна.
Энэхүү шилжилт өнөөдөр ч эрчтэй үргэлжилж байна. Эрчим хүчний үнийн өсөлт нь хэрэглэгчдийг илүү хэмнэлттэй, үр ашигтай шийдлүүдийг эрэлхийлэхэд хүргэж байгаа бөгөөд ингэснээр ногоон шийдэл нь зөвхөн байгаль орчны хариуцлагын асуудал биш, харин зардлаа бууруулж, эдийн засгийн өөрчлөлтөд дасан зохицох хамгийн бодитой, ухаалаг сонголт болж хувирлаа.
Ногоон санхүүжилт, уур амьсгалын санхүү зэрэг олон улсын ногоон санхүүгийн чиглэлд танай банкны гол ялгарал юу вэ?
Бидний гол ялгарал бол тогтвортой, ногоон санхүүжилтийн чиглэлд хуримтлуулсан бодит туршлага болон олон улсын түвшний итгэмжлэл юм. 2020 онд Уур амьсгалын ногоон сангийн (УАНС) итгэмжлэгдсэн байгууллага болж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлээрх үндэсний төсөл, хөтөлбөрүүдэд нэг удаадаа 50-250 сая ам.долларын хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийг татах, зуучлах эрхтэй болсон.
Одоо бид системчилсэн ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтцийг хөгжүүлэх гээд стратегийн ач холбогдолтой суурь өөрчлөлтүүд дээр ажиллаж байна. Энэ нь зөвхөн манай банк биш, нийт салбарын хөгжлийн чиг хандлагад нөлөөтэй.
Зарим хүмүүс банкуудын тогтвортой санхүүг “брэндийн имидж” гэж шүүмжилдэг. Та үүнд хэрхэн хариулах вэ?
Тогтвортой санхүүжилт нь брэндийн мессеж гэхээсээ илүүтэй эрсдэлийг удирдах үндсэн аргачлал болон төлөвшиж байна. Уур амьсгалын өөрчлөлт, нийгэм, засаглалын (ESG) эрсдэлүүд зээлийн чанар болон хөрөнгийн үнэлгээнд хэрхэн шууд нөлөөлдгийг бид салбарын хэмжээнд бодитоор харж байна. Тиймээс ESG-д суурилсан шийдвэр гаргалт нь зөвхөн маркетинг төдий зүйл биш, харин банкны урт хугацааны тогтвортой байдлыг хангах зайлшгүй стратеги юм.
ТоС Холбооны хамтын ажиллагаа нэмэгдэж байгаа энэ үед “өрсөлдөөн” ба “хамтын хөгжил”-ийн тэнцвэрийг та хэрхэн харж байна вэ?
Хамтын ажиллагаа өргөжиж буй энэ цаг үед Худалдаа, хөгжлийн банкны байр суурь тодорхой байдаг. Тогтвортой санхүүжилт бол нэг нь хожихын тулд нөгөө нь хожигдох “тэг нийлбэртэй” өрсөлдөөний талбар биш. Монгол шиг хөгжиж буй зах зээлд салангид өрсөлдөөнөөс илүү экосистемийн хамтад нь бүрдүүлэх нь чухал.
Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбооны хүрээнд бид хамтын ажиллагааг салбарын төлөвшлийн үндсэн хөдөлгөгч хүч гэж үздэг. Мэдээж банк, санхүүгийн байгууллагууд бүтээгдэхүүн, инновац, харилцагчийн үйлчилгээний түвшинд өрсөлдөх нь зүй ёсны хэрэг. Харин ногоон таксономи, БОНЗ-ын стандарт, тайлагналын тогтолцоо, олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг бүрдүүлэх зэрэг суурь асуудлууд дээр хамтын хөгжлийг тэргүүнд тавих шаардлагатай.
“Greenwashing” буюу нэр төдий ногоон байх эрсдэл Монголд хэр бодитой вэ?
“Ногоон угаалт” бол санхүүгийн байгууллагад итгэх зах зээлийн итгэл, хөрөнгө оруулагчдын итгэлцлийг бууруулж, улмаар хөрөнгө оруулалтын шийдвэрийг гажуудуулах, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх бодит эрсдэлтэй. Бид Ногоон таксономи баталж, тайлагнаж эхэлсэн нь том алхам боловч энэ тогтолцоог зөв ажиллуулахын тулд салбар бүрд хараат бус, мэргэжлийн баталгаажуулалт хийдэг бүтэц зайлшгүй хэрэгтэй.
Хэрэв банк, санхүүгийн байгууллагууд өөрсдөө төслөө үнэлээд явбал мэргэжлийн бус хяналт тогтож, "greenwashing" эрсдэлийг улам нэмэгдүүлэх магадлалтай. Жишээ нь, эрчим хүчний салбарт тусгай аудиторууд ажилладаг шиг эдийн засгийн тэргүүлэх салбарууд тус бүр дээр хөндлөнгийн, гуравдагч этгээд хяналт тавьдаг тогтолцоо руу шилжих хэрэгцээ үүсээд байна.
Хэдийгээр банк, санхүүгийн байгууллага нь олон улсын сайн туршлагыг ашиглаж байгаа ч энэ нь зээлийн процессыг удаашруулах, зарим тохиолдолд баталгаажуулалт хангалтгүй санхүүжилт гарах эрсдэлийг мөн давхар бий болгох эрсдэлтэй. Иймд Монголд системийн түвшинд ил тод байдлыг хангасан, хараат бус, системчилсэн мэргэжлийн хяналтын тогтолцоог яаралтай бүрдүүлэх шаардлага үүсч буй.
Монгол Улс бүс нутагтаа тогтвортой санхүүгийн чиглэлээр ямар байр суурь эзлэх боломжтой вэ?
Монгол Улсын байгалийн болон эдийн засгийн өвөрмөц бүтэц нь тогтвортой санхүүжилтийг бодит ажил, тодорхой үр дүнд хүргэх хамгийн том давуу тал юм. Газар нутгийн байршил, сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц, мал аж ахуй болон уул уурхайд суурилсан эдийн засгийн онцлог нь уур амьсгалын шилжилт болон байгальд ээлтэй санхүүгийн шийдлүүдийг бодит орчинд туршиж, нутагшуулан хөгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс богино хугацаанд олон салбарыг хамарсан шилжилтийн санхүүжилтийн (transition finance) бодит жишээг бий болгож, түүнийгээ бүс нутаг болон олон улсын зах зээлд туршлага болгон хуваалцах бүрэн чадамжтай. Хэрэв энэхүү стратегийн давуу талаа бодлого, стандарт, хэрэгжилтийн чанартай уялдуулж чадвал Монгол Улс тогтвортой санхүүгийн чиглэлээр бүс нутагтаа жишиг болж, бодит туршлагаараа олон улсад итгэл хүлээсэн зах зээл болон төлөвших боломжтой.
Ирэх 5–10 жилд Монголын тогтвортой санхүүгийн хөгжил хэрхэн өөрчлөгдөх бол?
Ирэх жилүүдэд тогтвортой санхүүжилт нь зөвхөн сайн дурын санаачилга байхаа больж, Монгол Улсын эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын шийдвэрийг тодорхойлогч үндсэн хөшүүрэг болно гэж харж байна. Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг бүсэд тооцогддог тул энэхүү эрсдэлийг бодитоор тооцож, удирдаж чадахгүйгээр урт хугацааны хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал юм. Олон улсын хөрөнгө оруулагчдын хандлага ногоон төслүүд рүү эргэлт буцалтгүй шилжиж буй энэ үед бид тогтвортой санхүүжилтийн механизмаар дамжуулан гадаад зах зээлээс урт хугацаат, хямд эх үүсвэр татах бүрэн боломжтой. Тэр дундаа Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) зорилтын хугацаа дөхөж буй нь энэхүү шилжилтийг улам эрчимжүүлэх нь гарцаагүй.
Гэхдээ үүнд хүрэхийн тулд бид нэг том бэрхшээлийг давах ёстой. Олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн тогтвортой санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зохицуулагч байгууллагуудын дэмжлэг маш чухал байна. Тухайлбал, ногоон эх үүсвэрийн Своп зардлыг бууруулах, татварын хөнгөлөлт болон эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хууль, эрх зүйн баримт бичгүүдэд бодитойгоор тусгаснаар ирэх 10 жилд бид жинхэнэ утгаараа тогтвортой эдийн засаг руу бүрэн шилжинэ гэж итгэж байна.
