Ажил, карьерын онцлох түүхээсээ хуваалцана уу, хэрхэн, яагаад ОУСК-д ажиллах болсон бэ?
Би эдийн засагч мэргэжилтэй. 2003 онд МУИС-ийг төгсөөд, тухайн үед Дэлхийн банкны санхүүжилтээр Монголбанкны дэргэд хэрэгжиж байсан “Монгол Улсын санхүүгийн зах зээлд бичил санхүүгийн үйл ажиллагааг хөгжүүлэх” зорилготой сонирхолтой, шинэ төсөлд зээлийн эдийн засагчаас эхлээд төслийн нэгжийн менежерээр ажиллах боломж тохиосон юм. Тэр үеэс л Дэлхийн банк шиг олон улсын байгууллагад чадварлаг мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллах мөрөөдөлтэй болсон.
ОУСК нь Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллага бөгөөд 200 гаруй улс оронд ядуурлыг бууруулах, хувийн хэвшлийг хөгжүүлэх чиглэлээр зээл, санхүүжилт олгох, тухайн улс орнуудын бизнесийн орчныг сайжруулах, мөн өөрийн зээлдэгч компаниудын бизнесийн үйл ажиллагааг үр ашигтай болгох чиглэлээр төсөл хэрэгжүүлэхийн зэрэгцээ зөвлөн дэмжиж ажилладаг. Миний хувьд Өмнөд Ази болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан санхүүгийн салбарын багийн гишүүн бөгөөд эдгээр бүс нутгийн улс орнуудын санхүүгийн дэд бүтцийг хөгжүүлэх, уур амьсгалын санхүүжилттэй холбоотой төслүүдэд зөвлөгөө өгч, хамтран ажилладаг. Түүнчлэн Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг ерөнхийд нь хариуцдаг.
Ажлын явцад дэлхийн олон улс орны салбар бүрт мэргэшсэн, чадварлаг мэргэжилтнүүдээс тасралтгүй шинэ зүйл суралцах, өөрийгөө сорих боломж гардаг нь урамтай. Нөгөөтэйгүүр, тэдгээр мэргэжилтнүүдийн санал болгодог сайн туршлагыг тухайн улс орны онцлогт нийцүүлэн нутагшуулах, бодитой санал, шийдлийг эрэлхийлж боловсруулах нь нэн сонирхолтой. Ажлаа дуртай хийдэг олон шалтгааны нэг нь энэ.
Дараа нь 2010 онд Япон Улсын Кэйо их сургуульд “Төрийн удирдлага” чиглэлээр магистрын зэрэг хамгаалж ирээд Санхүүгийн Зохицуулах Хороонд бичил даатгалын төсөл дээр ажиллалаа. Санаандгүй тохиолоор сонины зарын булангаас “ОУСК нь Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хариуцах мэргэжилтэн авна” гэсэн зарыг харж, өргөдлөө өгсөн нь амьдралын минь дараагийн том алхам байж. Түүнээс хойш өдгөө 12 жил өнгөрчээ.
Та болон танай баг одоо юун дээр төвлөрч ажиллаж байна вэ?
ОУСК нь зах зээл дээрх гол оролцогч талуудтай хамтран Монгол Улсын санхүүгийн салбарт хэд хэдэн томоохон чухал төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Жишээлбэл, хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцаа буюу нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон хөтөлбөр хэрэгжиж байна. Үндсэн зорилго нь бизнес эрхлэгчид болон зээлдэгчид дансны авлага, бараа материал, ирээдүйд орж ирэх орлого зэрэг бизнесийн өдөр тутам ашиглагддаг хөдлөх хөрөнгөө барьцаалан богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүжилт авах боломжийг бүрдүүлэх, улмаар зах зээлийг хөгжүүлэхэд оршдог.
Мөн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үр дүнтэй хэрэгжсэн “Монгол Улсад ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх төсөл”-ийн хоёр дахь шатыг эхлүүллээ. Үүнээс гадна, ОУСКаас санхүүгийн байгууллагуудад олгосон зээлийн хүрээнд тухайн байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ болон бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн зөвлөх үйлчилгээний төслүүд ч хэрэгжиж байна.
Монгол Улсад хэрэгжиж буй дээрх төслүүдээс гадна бусад улс орнуудад ч ижил төстэй ажлуудыг эхлүүллээ. Жишээлбэл, Зүүн Тимор улсад Монгол Улстай адил хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх томоохон төсөл эхэлсэн. Саяхан Вьетнамд ногоон санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх төслийн эхний үе шатыг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Түүнчлэн, Филиппин улсад уур амьсгалын санхүүжилтийн чиглэлээр хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, уур амьсгалын сэдэвтэй сэдэвчилсэн бондууд гаргах, түүнтэй холбоотой зах зээлийн гол оролцогчдын ойлголт, ур чадварыг нэмэгдүүлэх зэрэг хамтарсан төслүүдийг ахлан ажиллаж байна.
Дээрх төсөл хөтөлбөр, хамтын ажиллагаа хэний санаачилгаар, хэрхэн бүтдэг вэ?
ОУСК нь ерөнхий алсын хараа болон стратегийн гол зорилтууддаа нийцүүлэн төсөл, хамтын ажиллагааг эхлүүлдэг. Жишээ нь, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх сөрөг нөлөөллийг багасгах, улс орнуудын дасан зохицох чадварыг бэхжүүлэх ажлыг дэмжин, гол оролцогч талуудтай хамтран ажиллана.Нөгөө талаар манай байгууллага улс орон бүрт зориулсан тусгай стратегийн зорилтуудтай. Монгол Улсын хувьд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх замаар зээлдэгч, ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, мөн эдийн засгийн гол салбаруудын үйл ажиллагааг дэмжих зорилготой. Бид зах зээлийн гол оролцогчдоос ямар чиглэлээр туслалцаа, дэмжлэг шаардлагатай байна вэ? Бидэнтэй ямар хэлбэрээр хамтран ажиллах сонирхолтой байна вэ? гэдгийг сонсож, хамтран ажиллах боломжуудыг тодорхойлно. Үүний үндсэн дээр эрэлт, хэрэгцээнд тохирсон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран боловсруулж, хэрэгжүүлдэг.
Монголын санхүүгийн байгууллагууд олон улсын зах зээлээс санхүүжилт авч буй таатай мэдээнүүд олонтаа дуулдаж байна. Жишээлбэл, Голомт банкны хувьд ОУСК- аас авсан хөрөнгө оруулалтаа цэнхэр санхүүжилтэд зарцуулна гэсэн. Санхүүгийн бүтээгдэхүүн, хэрэгслүүдийн өнгө, хэлбэр төрөлжиж буйн учрыг тайлбарлавал?
Сүүлийн жилүүдэд санхүүгийн зах зээлд зөвхөн байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахын зэрэгцээ асуудлыг өргөн хүрээтэй, цогцоор шийдэх буюу тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, тэдгээр боломжит шийдлүүдийг санхүүжүүлэхэд чиглэсэн шинэлэг санхүүгийн хэрэгслүүд улам бүр нэмэгдэж байна. Жишээлбэл, шинээр гарч буй жендэрийн бонд, нийгмийн бонд, тогтвортой байдлын бонд зэрэг санхүүгийн хэрэгслүүд нь тогтвортой хөгжлийн бусад холбогдох зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт босгох чухал хэрэгслүүд юм. ОУСК-ын зүгээс зах зээлд шинээр нэвтэрч буй эдгээр шинэлэг санхүүгийн хэрэгслийг дэмжих, энэ төрлийн бүтээгдэхүүн гаргах хувийн хэвшлийн компаниудтай хамтран ажиллах, шаардлагатай дэмжлэг үзүүлэхийг зорьдог. Өмнө нь ногоон бондын санхүүжилтийг зөвхөн хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулдаг байсан бол бусад төрлийн бондууд болон санхүүгийн хэрэгслийг хөгжүүлэх нь ТХЗ-ын олон талт зорилтуудыг биелүүлэхэд илүү өргөн хүрээтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
Голомт банканд олгосон зээл нь тус банкны уур амьсгалын санхүүжилтийг сайжруулах, ногоон зээлийн багцад нь “цэнхэр” буюу устай холбоотой бизнесийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, төрөлжүүлэхэд чиглэгдсэн. Энэ төрлийн санхүүжилтэд ус хэмнэх, цэвэршүүлэх, дахин боловсруулах зэрэг усны нөөцтэй холбоотой үйл ажиллагааг дэмжих төслүүд багтана. Иймээс “цэнхэр бонд” нь Монгол Улсад усны нөөцийг хамгаалж, тогтвортой ашиглах төсөлд санхүүжилт татах замаар, нэг талаас байгаль орчныг хамгаалах, нөгөө талаас зээлдэгч аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай санхүүжилт авах боломжийг олгодог чухал санхүүгийн хэрэгсэл юм. Мөн “жендер бонд” нь Монгол Улсад эмзэг бүлгийн хамгаалал, жендерийн тэгш байдлыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй төсөлд хөрөнгө татан, нийгмийн хөгжил болон эдийн засгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг шинэлэг санхүүгийн хэрэгсэл.
Таны ажил, карьер ТоС Холбоотой хэрхэн холбогддог вэ?
ОУСК-д анх ажилд орсон цагаас гардан хариуцсан чухал төслүүдийн нэг нь Монгол Улсад тогтвортой санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх төсөл байлаа. ОУСК нь Монголын санхүүгийн салбарт, ялангуяа банкны салбарт тогтвортой санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр 2013 оноос эхлэн гол оролцогч талуудтай хамтран ажиллаж эхэлсэн. Тухайн үед ХХБ, Нидерландын Хөгжлийн Банк, ОУСК, Монголын Банкны Холбоо зэрэг байгууллагууд хамтран, санхүүгийн салбарт тогтвортой санхүүгийн тогтолцооны нэг суурь багана болох байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээний ач холбогдол, утга учрыг таниулах, сурталчлах анхны арга хэмжээг зохион байгуулсан юм. Тэр үед бидний төсөөлснөөс ч давсан үр дүн гарч, банк санхүүгийн байгууллагууд уг санаачилгыг идэвхтэй дэмжсэн.
Санхүүгийн байгууллага зээл олгохдоо тухайн зээлдэгчийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төсөл нь байгаль орчин болон нийгэмд эрсдэл учруулах эсэхийг урьдчилан шалгах нь маш чухал. Хэрэв ийм эрсдэл байгааг үл хайхран зээл олговол зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа тасалдах, зогсох, мөн үүний улмаас зээл олгосон санхүүгийн байгууллагын зээлийн багц болон ашигт ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Эдгээр эрсдэлийг бууруулах, хяналт тавих тогтолцоог санхүүгийн салбарт хөгжүүлэх зорилгоор бүх банкнууд нэгдэж, дуу нэгтэйгээр тунхаг бичиг байгуулсан. ОУСК-ийн зүгээс олон улсын сайн туршлагыг хуваалцан, Монголын нөхцөлд нийцүүлэн сайжруулж зөвлөх, дэмжих ажлыг тууштай хийсэн билээ.
Үүнээс хойш ОУСК нь зөвхөн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээний тогтолцоог хөгжүүлэхээс гадна, байгаль орчинд ээлтэй ногоон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэр татах, энэ чиглэлийн санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх талбарт гол оролцогч талуудтай хамтран олон ажлыг амжилттай хэрэгжүүлжээ. Тогтвортой санхүүгийн тогтолцоо хөгжихийн хэрээр энэ асуудлыг зөвхөн банкны салбар төдийгүй ББСБ, хөрөнгийн бирж, мөн бодит эдийн засагт үйл ажиллагаа явуулж буй компаниуд зэрэг зах зээлийн бусад гол тоглогчдод таниулах, сурталчлах шаардлагатай болсон. Энэ ажлыг манлайлан хэрэгжүүлэх зорилгоор 2018 онд Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо) байгуулагдсан юм. ОУСК-ийн хувьд энэхүү санаачилга эхэлсэн мөчөөс өнөөг хүртэл бүх гол оролцогч талуудтай хамтран ажиллах, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх замаар тогтвортой санхүүгийн хөгжлийг тууштай дэмжсээр байна.
Саяхан Тогтвортой банк санхүүгийн олон улсын сүлжээнээс (SBFN) Монголын тогтвортой санхүүгийн түвшинг бэхжиж буй ангилалд дэвшсэнийг зарласан. Үүнийг ямар шалгуур үзүүлэлтээр үнэлдэг вэ?
Тогтвортой банк санхүүгийн олон улсын холбоо нь ОУСК-ын дэмжлэгтэйгээр ажилладаг бөгөөд гишүүн улс орнуудын санхүүгийн салбарт тогтвортой санхүүгийн тогтолцоог хөгжүүлж, бэхжүүлэх зорилгоор 2012 онд байгуулагдсан. Уг холбоонд ОУСК-ын үйл ажиллагаа явуулдаг улс орнуудын санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагууд болон салбарын холбоод багтдаг. Монгол Улсаас Монголбанк, Санхүүгийн Зохицуулах Хороо, ТоС Холбоо гишүүнээр ажиллаж байна. Холбоо нь хоёр жилд нэг удаа гишүүн орнуудын тогтвортой санхүүгийн тогтолцоо хэрэгжүүлж буй үйл явцыг хөндлөнгийн үнэлгээгээр дүгнэж, ангилдаг. Энэ онд Монгол Улс дээрээсээ хоёр дахь буюу “Бэхжиж буй Consolidating” ангилалд нэг шат ахисан нь манай улсад хэрэгжиж буй тогтвортой санхүүгийн тогтолцооны ахиц өөр бусад улс орнуудтай харьцуулахад өндөр түвшинд байна гэдгийг илрэл. Энэ амжилтанд нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг нь томоохон банкнууд болон ББСБ-ууд байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлж, эдгээр төрлийн эрсдэлийг зээл олгох үйл ажиллагаандаа заавал үнэлж, шалгадаг, улмаар үр дүнтэй удирдаж чаддаг болсон явдал.
Дараагийн чухал шалгуур бол тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, түүнд шаардлагатай бодлогын болон зохицуулалтын орчин хэр хөгжсөн эсэх байдаг. Монгол Улсын хувьд энэ чиглэлээр санхүүжилт татахад чиглэсэн олон чухал бодлого, стратегийн баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын зах зээлээс багагүй хэмжээний санхүүжилт татаж чадсан явдал нь чухал үзүүлэлт болсон болов уу. Гурав дахь нь уур амьсгалын эрсдэл болон байгалийн хүчин зүйлтэй холбоотой эрсдэлийн үнэлгээ. Монгол Улс энэ чиглэлээр гурван жилийн өмнөөс идэвхтэй ажиллаж эхэлсэн.
Макро түвшинд ОУСК анх удаа зохицуулагч байгууллагатай хамтран Монголын банкны салбарын уур амьсгалын эрсдэлд өртөмтгий байдлын үнэлгээг хийсэн. Үүнээс гадна банк, санхүүгийн байгууллагууд өөрсдөө гадаадын мэргэжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр уур амьсгалын эрсдэлийн үнэлгээг хэрэгжүүлж эхэлсэн нь онцлох өөрчлөлт болсон. Мөн ойрын хугацаанд байгалийн хүчин зүйлтэй холбоотой эрсдэлийн үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх, энэ талын ойлголт мэдээллийг сайжруулах ажлууд шат дараатай хийгдэхээр төлөвлөгдөж байна. Эдгээр ажлын үр дүнд Монгол Улс олон улсын хэмжээнд тогтвортой санхүүгийн тогтолцоог амжилттай хэрэгжүүлж буй цөөн улс орнуудын нэгээр шалгарсан болов уу.
Хөндлөнгийн экспэртийн зүгээс ажиглавал том зургаараа Монгол улсын ногоон санхүүжилт ямар түвшинд явж байна вэ?
Монгол Улс нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөлөлд хамгийн ихээр өртсөн улс орнуудын нэг бөгөөд ногоон санхүүжилт зайлшгүй хэрэгцээтэй. Тогтвортой санхүүгийн тогтолцооны хөгжлийн байдлыг үнэлэхэд сая дурдсан Тогтвортой банк санхүүгийн олон улсын холбооны тайлан тун чухал харьцуулалт болдог. Санхүүгийн салбар нь Монгол Улсын “Тогтвортой санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний замын зураг” стратегийн баримт бичгийн хүрээнд арилжааны банкнууд нийт зээлийн багцынхаа 10 хувь, ББСБ-ууд 5 хувийг ногоон зээл болгох зорилт тавьсан.
Одоогийн байдлаар салбарын хэмжээнд эдгээр зорилтуудад бүрэн хүрээгүй байгаа ч тогтоосон хугацаандаа биелүүлнэ гэдэг бүрэн итгэлтэй байна. Гэвч энэ чухал зорилтыг биелүүлэхийн тулд зөвхөн банк, санхүүгийн байгууллагууд бус, зах зээл дээрх бүх оролцогч талууд гар нийлэн, хамтран ажиллах нь хамгийн чухал гэдгийг онцлох хэрэгтэй болов уу.
ОУСК-ын зүгээс энэ чиглэлийн зах зээлийн таатай орчныг хөгжүүлэх зорилгоор зөвхөн бодлого, журам, зааварчилгаа боловсруулахаас гадна шинэ төрлийн санхүүгийн хэрэгслүүдийг үр дүнтэй ашиглах, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж компаниудын ойлголт мэдээллийг сайжруулах, холбогдох төсөл, бизнесийн үйл ажиллагааг бэлтгэх зэрэг чиглэлүүдээр чадавх бэхжүүлэх сургалт, сурталчилгааны ажлуудыг тогтмол зохион байгуулж байна. Тийм учраас бүх оролцогч талуудтай хамтарч ажиллахад бүрэн нээлттэй бөгөөд ТоС Холбоотой хамтран ажиллаж, Холбооны гишүүдэд мэдээлэл түгээх, өргөн хүрээний сургалт, сурталчилгааны ажлыг тасралтгүй хийсээр байна.
