Буцах
ТоС Түүх: Г. Туул, Хас Банк, Эко Банкны газрын захирал
Ярилцлага

ТоС Түүх: Г. Туул, Хас Банк, Эко Банкны газрын захирал

8/14/2025

0

Тамир.А

Тамир.А

ТоС Холбоо

Миний үндсэн мэргэжил банкир, эдийн засагч. 1997 оноос ажлын гараагаа эхэлж банкны салбарт 25 жил ажиллажээ. ХасБанк анх байгуулагдаж байх үед буюу 2001 онд банкны үйлчилгээний хэсгийг хариуцан ажиллаж, зээлээс бусад бүх төрлийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээний хөгжүүлэлт дээр төвлөрч ажилладаг байлаа. Дараа нь Америкт магистраар сурч ирээд 2010 онд Монголын хамгийн анхны хувийн тэтгэврийн санг үүсгэн байгуулж байв. Харин 2012 онд ХасБанкны Эко банкийг хариуцан ажиллаж эхэлснээс хойших карьерын замналаа дүгнэхэд тогтвортой санхүүжилтийг Монголын банкны зах зээлд анхлан нэвтрүүлж, ногоон зээлийг санхүүжүүлэхийн тулд гаднаас хөрөнгө босгох, Монголд тогтвортой санхүүжилт хэрэгжих боломжтой экосистемийг бүрдүүлэхэд манлайлан ажиллажээ.

ХасБанк 2001 онд банкны лицензээ авч байх үедээ “Зөв банк ХасБанк” уриатайгаар зах зээлд танигдаж байлаа. Энэ нь бид байгуулагдах үеэсээ л одоогийн БОНЗ (байгаль орчин, нийгэм, засаглал)-ын бодлогоо тодорхойлж, бизнесийн үзэл санаагаа “Зөв” хэмээн уриалсан нь тэр юм. Бид байгуулагдсан цагаасаа л олон улсад хүлээн зөвшөөрөгдөх банк ямар зарчим баримталж, хэрхэн ажиллах ёстой вэ гэдэг стандартуудыг нэвтрүүлж ирсэн нь өнөөдрийн бидний ажиллах зарчим, бахархам олон амжилтын маань эхлэл болсон. 

Дэлхийн чиг хандлага тогтвортой хөгжил тийш чиглэж байна гэдгийг аль эрт ойлгосон учраас эхнээс нь хэрэгжүүлсэн. Бид зөвхөн үзэл санаагаар хязгаарлагдсангүй. 

Байгууллагын үнэлгээ хийлгэхэд зардал өндөр, хийх ажил ярвигтай боловч, бид 2004 оноос эхлэн сайн дураараа бичил санхүүгийн байгууллагуудын үнэлгээний “Planet rating” агентлагаар хоёр жилдээ нэг удаа үнэлгээ хийлгэдэг байв. Тэр нь засаглал, ил тод байдал, нийгмийн хариуцлага гурван чиглэлээр үнэлгээ өгч анхаарах шаардлагатай зүйлс дээр сайжруулах зөвлөмж өгдөг онцлогтой. Зөвлөмжийн дагуу сайжруулахын зэрэгцээ үргэлжлүүлэн ахисан түвшиндээ ч үнэлүүлсээр, тухайн агентлагийн үнэлгээний чиглэл тус бүрээр хамгийн өндөр үнэлгээнд хүрч, байгууллагын хэмжээнд хангалттай чадваржсан. 

Үүний зэрэгцээ ил тод тайлагналыг чухалчилж ирсний нэг тод жишээ нь 2007 онд Global Reporting Initiative (Олон улсын тайлагналын санаачилга) болон НҮБ-ын Global Compact-д нэгдэн орж, байгаль орчин, нийгмийн эрүүл ухаалаг хөгжлийн зарчмуудыг баримтлах амлалт үүргийг хүлээж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, түүнийгээ тайлагнадаг болсон. 2009 онд Global Alliance for Banking on Values (GABV) “Үнэ цэнтэй банкны үйлчилгээ үзүүлэх дэлхийн эвсэл”-ийг үүсгэн байгуулсан 10 банкны нэг нь ХасБанк бөгөөд уг эвслийн гишүүн банкууд тогтвортой санхүүжилтийн зарчмуудад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах үүрэг амлалт авдаг юм. Амлалтынхаа хүрээнд ХасБанк 2009 онд Эко банкны нэгж байгуулж, улмаар үйл ажиллагаандаа “Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашиг” хэмээн тодорхойлсон гурван тулгуурт зарчмыг эрхэмлэн ажилласаар өнөөг хүрлээ. 

2019 онд ХасБанк өөрийн үйл ажиллагааны болон санхүүжүүлсэн хүлэмжийн хийн ялгаруулалтыг хэмжиж тайлагнах амлалтыг GABV-ын гишүүн банкуудын өмнө хүлээж, үүнийгээ 2023 онд биелүүлснээр өөрсдийн үйл ажиллагаанаас ялгаруулж буй хүлэмжийн хийг хоёр жил дараалан хэмжиж, 2024 онд үүн дээрээ нэмээд санхүүжүүлсэн хүлэмжийн хийн ялгаруулалтыг хэмжиж тайлагналаа. Эко банкны газар нь ХасБанкны гурван тулгуурт зарчмын нэг болох “Эх дэлхий” хэмээх тулгуур зарчмыг нь хэрэгжүүлдэг нэгж. 2009 онд ногоон санхүүжилт, тогтвортой санхүүжилт гэсэн нэр томъёо төдийлөн танил биш байсан үед бид байгальдаа ээлтэй, ногоон санхүүжилтийн алсын хараагаа тухайн үед хүмүүсийн хамгийн сайн ойлгож чадах үгээр буюу “Эко” гэж томьёолсон нь тэр байв. Анх ADB, UNDP, MCA зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран агаарын бохирдол бууруулах чиглэлээр төслүүд хийдэг байсан энэхүү нэгжийн үйл ажиллагааг банкны үндсэн үйл ажиллагаа болгон хөгжүүлэх саналыг удирдлагын зүгээс тавьснаар 2012 оноос уг газрыг удирдан өнөөдрийг хүртэл ажиллаж байна 

Уур Амьсгалын Ногоон Сангийн магадлан итгэмжлэл авахаар судалж, 2014 оноос магадлан итгэмжлэл хүссэн өргөдөл гаргах нүсэр ажлыг эхлүүлэх нь тэр. Тийнхүү 2016 онд ХасБанк НҮБ-ын Уур Амьсгалын Ногоон Сангийн Үндэсний хэрэгжүүлэгч байгууллагаар магадлан итгэмжлэгдсэнээр хөгжиж байгаа орнуудаас энэхүү магадлан итгэмжлэлийг авсан анхны хувийн секторын байгууллага болсон юм. 

Том төслүүд бичиж, хөрөнгө босгож, санхүүжилт татлаа. Гэлээ ч уур амьсгалын санхүүжилт жинхэнэ утгаараа хэрэгжих орчин чамлалттай хэвээрээ. Аргагүй шүү дээ, Монголд гэлтгүй хөгжиж байгаа бүхий л орнуудад уур амьсгалын санхүүжилт бол шинэ ойлголт байв. Гэлээ гээд бид хойш суусангүй. Тогтвортой санхүүжилт хийхийн тулд шаардлагатай экосистем бүрэлдэх шаардлагатай. 

Биднийг анх 2013 оноос Хүлэмжийн хийг бууруулах бизнесийн зээл нэвтрүүлж, эрчим хүчний хэмнэлтийг хэмжиж, зээл олгодог байхад эрчим хүчний хэмнэлтийг хэмжиж баталгаажуулдаг аудитор гэж байсангүй. 

Аудитор хомс тэр нөхцөлд бид Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран 3 4 жилийн турш сургалт хийж туршлагатай аудиторуудыг бэлтгэхэд гар бие оролцож эхэлсэн. Тэдгээр аудиторуудын тайлангаас санхүүжүүлэгчид хэрэгтэй зүйлээ олж авч чаддаг байхын тулд яах аргагүй тэднийг сургаж, чадавхжуулах шаардлагатай байв. Үүний зэрэгцээ бусад банк эрчим хүчний аудит хийлгэх шаардлага тавьдаггүй нөхцөлд эрчим хүчний аудитын төлбөрийг зээлдэгч нараар төлүүлэх нь мөн л хүндрэлтэй асуудлуудын нэг байв. Иймд бид эдгээр асуудлыг шийдэх, оролцогч талуудын чадавх бэхжүүлэх чиглэлээр төслүүд бичиж тэтгэлэг олох замаар олон асуудлыг шийдэж чадсан. Эко банкны мэргэжилтнүүдийн хувьд төсөл хариуцсан, бүтээгдэхүүн хариуцсан гэсэн хоёр хэсэгтэй. Бид шаардлагатай хөрөнгө санхүүжилт босгох, ногоон төслийн pipeline бэлдэх буюу ямар чиглэлээр санхүүжилт хийвэл манай орны нөхцөлд тохиромжтойг тодорхойлох, ногоон зээлийн бүтээгдэхүүн боловсруулахын зэрэгцээ тогтвортой санхүүжилт хийхэд шаардлагатай механизм, экосистемийг бий болгох, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх, сургалт хийх гээд маш олон чиглэлээр олон төслүүдийг хийдэг. 

Гэртээ гэрэл чийдэн асаах, хоолоо хийж хувцсаа угаахаас эхлээд бидний аж төрж буй гэр орон, унаа тэрэг, ажиллаж байгаа бизнесийн маань бүхий л салбарт эрчим хүч хэрэглэгддэг. Манай орны хүйтэн өвөлд дулаан өвөлжихийн тулд маш их нүүрс түлж түлш хэрэглэдэг. Хэн ч бай хэрэглэж буй эрчим хүчээ 20 хувь хэмнэж чадвал ногоон зээл авч болно. Эрчим хүчний хэмнэлт гаргах боломжтой, ногоон зээл авах боломжтой гэдгээ ч мэдэхгүй орж ирж байгаа зээл хүсэгчдэд хэрэгжүүлэх гэж буй төслөө хэрхэн эрчим хүчний хэмнэлттэй болгож болох талаар хэлж ойлгуулж, зөвлөж чиглүүлж өгөх боломж банкируудад, зээлийн мэргэжилтнүүдэд байдаг. Тийм ч учраас манай Эко банкныхан хүлэмжийн хий бууруулах боломжтой төслийг хэрхэн таньж мэдэх сургалтыг банкны дотооддоо байнга хийж, зээлийн мэргэжилтнүүдийг чадваржуулах олон ажлыг шат дараатай хийж ирлээ. 

Бид 2017 оноос эхлэн ногоон санхүүжилтийн чуулганыг бие даан зохион байгуулж 4 жил дараалан хийсэн. 2019 оноос гэр хорооллын айл өрхүүдийг гэр байшингаа дулаалах, нүүрснээс бусад төрлийн халаалтын шийдэл ашиглах чиглэлд анхаарлыг нь хандуулах зорилгоор жижиг сургалтууд зохион байгуулж, хорооны нийгмийн ажилтнуудаас эхлээд олон нийтэд зориулсан нөлөөллийн ажлуудыг хийсээр байна. 

Өдий хугацаанд хийсэн бидний ажлуудыг олон улсын хэмжээнд ч үнэлж, 2016 онд Монгол Улсаас Уур амьсгалын ногоон сангийн анхны Үндэсний хэрэгжүүлэгч байгууллага болсон амжилтаа бататгаж 2023 онд дахин магадлан итгэмжлэл авсан төдийгүй тус сантай хамтран хэрэгжүүлсэн есөн төсөл хөтөлбөр маань биднийг салбартаа ямар хэмжээнд байгааг баталж буй хэрэг билээ. 



ТоС Түүх: Г. Туул, Хас Банк, Эко Банкны газрын захирал | MSFA