Буцах
ТоС Түүх: Э. Номиндарь - Монголын Байгалийн Өв Сангийн Гүйцэтгэх захирал, ТоС Холбооны зөвлөх
Ярилцлага

ТоС Түүх: Э. Номиндарь - Монголын Байгалийн Өв Сангийн Гүйцэтгэх захирал, ТоС Холбооны зөвлөх

7/3/2025

21

Тамир.А

Тамир.А

ТоС Холбоо

Монголчууд ажил хийвэл ам тосодно, сайн санааны үзүүрт шар тос хэмээн хийж бүтээхийн сайхныг тостой зүйрлэн ярьдаг билээ. ТоС Холбооны зүгээс эх дэлхийдээ ээлтэй, тогтвортой, ногоон санхүүгийн сайн ажил, сайхан санаачилгыг дэлгэрүүлэхээр “ТоС түүх” цувралыг эхлүүлж байна. Гэрэлтэй цонх бүрийн цаадах амьдрал, зөрж өнгөрсөн хэн нэгний туулсан зам, бүтээсэн түүх бүхэнд сонсож ухаармаар, шимтэж баясмаар сайхан бүхэн олон бий. Урам зориг, ухаарал сургамж, шар тос шиг нүнжигтэй түүх хүүрнэх энэхүү цувралын анхны зочин Э. Номиндарь. Тэрээр өнгөрсөн 10 гаруй жилийн турш ТоС Холбоог удирдсан бөгөөд одоо ТоС Холбооны зөвлөх, Монголын байгалийн өв сангийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 

Парисын хэлэлцээрийг батлахаас ч өмнө Монголын санхүүгийн салбар сайн дураараа санаачлан тогтвортой санхүүжилтийг нэвтрүүлж байлаа… Одоогоос 12 жилийн тэртээ тогтвортой санхүүжилт, ногоон зээл, эрсдэлийн удирдлага, уур амьсгалын эрсдэл гэдэг Монголд төдийгүй дэлхийд шинэ содон ойлголт байлаа. Дөнгөж их сургуулиа төгсөөд Монголын Банкны Холбоонд гадаад харилцаа хариуцан ажиллаж байхад ТоС хөтөлбөр эхэлсэн юм. Гардаж хийсэн анхны минь ажил одоо банк, банк бус, бизнесийн салбарыг нэгтгэсэн 65 гишүүн байгууллагатай ТоС Холбоо болж өргөжсөнийг харахад бахархмаар. 


Санхүүжилт гэдэг аливаа ажлын хамгийн том хөшүүрэг. Жишээ нь тусгай хамгаалалттай газар барилга байшин барьж болохгүй гэх хууль бий болов ч Зайсангаар дүүрэн барилга байна. Гэтэл санхүүжилт, хөрөнгө мөнгө байхгүй бол ажил хийх боломжгүй. Зарим үед хууль журмаас ч илүү хүчтэй байх нь бий. Нөгөө талдаа хувийн хэвшлүүдийг идэвхжүүлэн байгаль орчин, нийгмийн сайн сайхны төлөөх төсөл, ажлуудыг бодитоор хэрэгжүүлдэг нь сайхан учраас ажилдаа хайртай. 


Түүх сөхвөл, 2013 онд байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийн удирдлагын тогтолцоо гэх олон улсын тогтолцоог Худалдаа, хөгжлийн банк, ХасБанк, ХААН банк дотооддоо хэрэгжүүлдэг байлаа. Тэд өөрсдийн нэвтрүүлсэн бодлого журам, дотоод үйл ажиллагаа, мэдлэг туршлагаа нээлттэй хуваалцъя, зээлийн суурь шаардлагууд дээрээ нэгдсэн системтэй болъё, энэ чиглэлд банкнууд өрсөлдөх биш хамтарч ажиллая хэмээн санаачилж сайн дураараа тогтвортой санхүүжилтийг нэвтрүүлсэн түүхтэй. 


Учир нь санхүүжилтээр дамжуулан зөв шаардлага тавьж чадвал Монгол Улсынхаа байгаль орчин, нийгмийн асуудалд томоохон хувь нэмэртэй. Хоёрдугаарт банкны хувьд ирээдүйд үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх давуу талтай. Байгаль орчин, нийгмийн эрсдэлээс болоод банк эрсдэх бодитой жишээнүүд олон байсан. Харилцагч хууль зөрчиж зөвшөөрөлгүй газар барилга барьсан байвал зээлдэгч, зээлийн эргэн төлөлт эрсдэлд орно. Тухайн үед банкнууд үүнийг зөвхөн эрсдэл гэж харахаас биш тусгайлан илрүүлж, удирддаг аргачлал, механизм нь байгаагүй. 

Тийнхүү анх удаа 2013 онд Тогтвортой санхүүгийн форумыг Худалдаа, хөгжлийн банк, Олон Улсын Санхүүгийн Корпорац, Нидерландын Хөгжлийн Банк, Монголын Банкны Холбоотой хамтран зохион байгуулж байв. Үргэлжлүүлэн бүх банкны төлөөллийг оролцуулан ажлын хэсэг томилж хоёр жилийн хугацаанд яг л Монголын нөхцөлд тохирсон жишээ, аргачлалуудыг гаргаж, гаднын улсуудаас ч туршлага судлан, суурь зохицуулалтуудыг боловсруулсан. 


Ихэнх оронд гол зохицуулагч байгууллагууд нь дүрэм журам гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхийг шаарддаг бол Монголд Парисын хэлэлцээрийг батлахаас ч өмнө 2013 онд санхүүгийн салбар өөрсдөө санаачлан тогтвортой санхүүжилтийн системийг нэвтрүүлсэн нь одоог хүртэл олон улсад шинэлэг, сайн туршлагын жишээ гэж сайшаагддаг. 


2018 онд ТоС Холбоо тусдаа гарсны зорилго нь банкаар хязгаарлагдахгүй, банкны бус бүх санхүүгийн байгууллага болон бизнесийн байгууллагад хүрээгээ тэлэхийг зорьсон. Тэр үеийн ББСБ-ын удирдлагууд гишүүддээ манай холбоонд элсэхийг уриалж, дэмжсэнд их талархдаг. Ижилхэн холбоо юм чинь биднийг нэг бодлын өрсөлдөгч гэж харж болох байтал энэ чиглэлээр илүү сайн ажилладаг холбоо байна, тиймээс дэмжиж нэгдээрэй гэж санал болгож байлаа. Тийнхүү ББСБ-ууд нэгдэн эхнээсээ олон улсаас санхүүжилт татаж бодитой үр дүн гаргаж байна. 


Өнгөрсөн 11 жилийг дүгнэвэл биднээс тууштай байдал, эгц өөдөө бүрэн итгэлтэй урагшлахыг шаардсан болов уу. Шинэ содон сэдэв учир хүмүүс тэр бүр шууд ойлгохгүй, хүлээн авахгүй байх нь амаргүй. Заримдаа бидний ярьдаг зарчим бизнесийн байгууллагын ашиг олох, хурдтай байх зорилготой зөрчилдөнө. Банкнуудын хувьд зээлийн бүх шатанд үнэлгээ хийх нарийн процессыг нэвтрүүлнэ гэдэг нь тэдний үйл ажиллагааг бүхлээр нь шинэчилнэ гэсэн үг. Нэг удаа сургалт хийгээд л маргааш нь хэрэгжүүлж, нэвтрүүлэх боломжгүй. Тайлагналын удирдлагыг нэвтрүүлж байхад банкнуудын эсрэг зүйл хийж байна, илүү ажил боллоо гэж хүлээж авах удирдлагууд ч байсан. Харин би болон манай багийнхан алс хэтдээ банкнууд, холбооны гишүүдэд ч хэрэгтэй, зөв зам гэдэгт бүрэн итгэсэн. Яагаад гэвэл эрт оройгүй хөрөнгө оруулагч нар ч тэр, нийгэм ч тэр үүнийг шаардана. Санхүүгийн байгууллагуудын хувьд үүнийг эрт ойлгож нэвтрүүлэх тусмаа тэд хожно гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Одоо Монголын санхүүгийн байгууллагууд олон улсаас амжилттай санхүүгийн эх үүсвэрүүд татаж чадаж байна. Эрт ойлгосон учраас тэд хожсон. Ажлын маань өөр нэг сайхан нь өдөр тутам шинэчлэгддэг салбар. Олон улсад шинэ стандарт, зохицуулалт, ойлголтууд байнга гардаг. Гишүүдээ чиглүүлж, зааж өгөх нь бид учраас шинэ мэдээлэлд үргэлж сонор соргог, ажигч байж тасралгүй байнга хөгжихийг шаарддаг. Тэр чинээгээрээ сонирхолтой. 


ТоС Холбоо өнгөрсөн 10 жил тогтвортой санхүүжилтийг тайлбарлаж, хэрэгжүүлэлт, биелэлт, зохицуулалтуудын суурь зарчмыг тэгшилж тавьлаа. Харин одоо дараагийн шатанд ахих ёстой. Зөвхөн санхүүгийн салбарт бус бизнесийн байгууллагууд, харилцагч, олон нийт ижил түвшинд ойлгодог болох, хэрэгжих төслүүд ногоон санхүүжилт авдаг тэр орчин бүрдэх ёстой. Үүнийг төр засгийн зүгээс ч сайн дэмжиж, ногоон зорилт, шалгуурууд тавьж байна. Цаашид ч ТоС Холбооны ирээдүй улам илүү гэрэлтэх нь гарцаагүй. 

Монголын байгалийн өв сангийн тухайд гэвэл: Олон улсын, төр засгийн санхүүжилттэй байгаль хамгаалах төслүүд голдуу богино хугацаанд үргэлжилдэг. Гэтэл байгаль орны үр нөлөө маш урт хугацааны ажил. Мод тарьж ой болох хүртэл нь үр дүнг харъя гэвэл багадаа 20 жил санхүүжүүлнэ. Гэтэл төслийн санхүүжилт дууслаа бол ажил дуусчихдаг гэмтэй. Тиймээс энд тогтвортой санхүүжилтийн бүтэц, хараат бус зөв засаглал хэрэгтэй гэдгийг харж Засгийн газар, БОУАӨЯам, Дэ Нэйче Консерванси (TNC) хамтран Монголын байгалийн өв санг байгуулсан. Сан маань байгаль хамгаалах шаардлагатай санхүүжилтийг урт хугацаанд, төрөл бүрийн эх үүсвэрээс бүрдүүлэн нэгдсэн стандарт, зарчим, хяналттайгаар үр дүнтэй төслүүдийг санхүүжүүлэх зорилготой. Засгийн газар, БОУАӨЯ болон TNC хамтран олон улсын донор байгууллагуудаас 71 сая ам.долларыг амжилттай татлаа. Манай сан энэ санхүүжилтийг үр дүнтэй, мэргэжлийн түвшинд удирдах, зарцуулалтыг тэдгээр донорууд болон олон нийтэд ил тодоор тайлагнах үүрэгтэйгээр ажиллаж байна.  


Эхний ээлжид тусгай хамгаалалттай газруудын одоогийн менежментийг сайжруулах, тоог нэмэх, тэндэх малчдыг байгаль хамгаалах ажилд оролцуулах, тогтвортой санхүүжилтийг түгээх зорилготой ажиллаж байна. Тогтвортой санхүүжилтийн тухайд үндсэн хоёр чиглэлээр ажиллаж буйгаараа ТоС-той холбогдоно. Байгаль хамгаалах хэрэгцээ шаардлагыг төсвийн санхүүжилтээр хангаж чадахгүй байна. Тиймээс Cангийн яамтай хамтран байгаль хамгаалах төсвийн орлогыг нэмэх, зохистой зөв зарцуулалт, хуваарилалтыг хийнэ. Нөгөө талдаа хувийн хэвшлийн зүгээс байгаль хамгаалах, биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийг нэмэхээр ажиллаж байна. 


Байгалийн чухал нөөцүүдийг хамгаалахад хувийн хэвшлүүд хөрөнгө оруулалт хийвэл бизнес нь урт хугацаанд, тогтвортой үргэлжилнэ. Энэ зарчмыг ойлгох, үнэлэх, хамгаалахын тулд ямар хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн гаргаж болох вэ гэдгийг ойлгох нь шинэ чиг хандлага юм. Үүнд ТоС Холбоо болон бусад санхүүгийн байгууллага, гишүүн байгууллагуудтай хамтран стратегидаа нэвтрүүлэх, чадавхжуулах, удирдамж, гарын авлага, жишиг бүтээгдэхүүн хөгжүүлж, эх үүсвэр татахад нь дэмжих ажлуудыг хийхээр төлөвлөж байна.