Буцах
ТоС Түүх: Д. Отгонбилэг, Эрсдэл хариуцсан дэд захирал, Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК
Ярилцлага

ТоС Түүх: Д. Отгонбилэг, Эрсдэл хариуцсан дэд захирал, Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК

Тамир.А

Тамир.А

ТоС Холбоо

6/4/2026

147

Таны карьераас онцолж юу мэдэх хэрэгтэй вэ? 

Манай үеийнхэн нийгмийн онцгой цаг үед хөл тавьсан хүмүүс. Улс орон зах зээлийн харилцаанд шилжиж, хэн нь юу хийх, яах ёстойгоо бүрэн ойлгож амжаагүй, шинэ хуучин хоёр тогтолцоо солбицсон сонин үе. Би анх эмч болно гэж бодоод химийн хичээлдээ шамдаж байсан ч нийгмийн өөрчлөлт, аав ээжийн зөвлөгөө нөлөөлж, МУИС-д эдийн засагчаар элссэн. Дурлаж сонгосон мэргэжил биш боловч дуртай ажил минь болсон. Их сургуулиа төгсөөд банканд зээлийн эдийн засагчаар ажилд орлоо. Дараа нь нягтлан бодогч, одоогийнхоор бол теллер хийж үзсэн. Хяналт шалгалтын газарт дотоод аудитор болж, улмаар гүйцэтгэх удирдлагын түвшинд хүртэл ажилласан. Эргээд харахад санхүүгийн салбарын шат шатанд, хэлтэс нэгж бүрд орж үзэж, бодит туршлага хуримтлуулжээ. Сонирхолтой нь, шинээр банк байгуулах ажилд ч оролцож байв. Хүний нөөц цөөн, хийх ажил их. Ахлах хянан шалгагч мөртөө цаас, хавтас, тооны машин худалдаж авахаас эхлээд мөнгөн зөөврийн ажил хүртэл хийдэг байлаа. Цагдаатай хамт хүнсний дэлгүүр, шатахуун түгээх станцаар орж байгууллагын бэлэн орлогыг нь тоолж аваад дансанд нь хийнэ. Энэ нь нэг талаараа харилцагч татах үйлчилгээ, нөгөө талаараа банк бэлэн мөнгийг найдвартай хадгалж чадна гэдгийг харуулж буй хэрэг. Тухайн үед “энэ миний хийх ёстой ажил мөн үү” гэж бодогдож байсан үе бий. Одоо эргэн харахад тэр бүх туршлага өнөөдрийн намайг бүтээсэн юм шиг санагддаг.

IMG_8084 copy 1.png

Өнөөдрийг хүртэл 18 жил эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажиллаж байна. Монголын банкны системд эрсдэлийн удирдлагыг тусгай нэгж болгон хөгжүүлж эхэлсэн нь 2005 он. Энэ ажлын эхлэлийг Худалдаа Хөгжлийн Банк тавьж, эрсдэлийн удирдлагын газрыг байгуулсан. Миний хувьд энэ банканд ажиллаж байсан 15 жил карьерын минь хамгийн сургамжтай, шинийг бүтээлцсэн үе.Санхүүгийн салбарт эрсдэл гэдэг мөнгөөр хэмжигддэг онцлогтой. Илүү гүйлгээ хийвэл өөрөөсөө төлнө, дутуу өгвөл харилцагч гомдол гаргана, нэр хүндэд сэв сууна. Урьд нь зээлийн эрсдэлийг л хамгийн чухалд тооцдог байсан бол өнөөдөр нэр хүндийн, бүр уур амьсгалын эрсдэл яригддаг болсон. Нийгэм, эдийн засаг хөгжихийн хэрээр эрсдэлийн ойлголт хувьсан өөрчлөгдөж байна.

sdfdf

asdfasdf

asdfasdf

asdfasdfsadf

asdfsdf

Таны ажил тогтвортой санхүүжилттэй, ТоС Холбоотой хэрхэн холбогдсон бэ?

2013 онд би Худалдаа Хөгжлийн Банкны Эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан үе. Тэр үед FMO, Олон Улсын Санхүүгийн Корпорац (IFC), Монголын Банкны холбоо болон Худалдаа Хөгжлийн Банк хамтран Монголд анх удаа “Тогтвортой санхүүгийн форум”-ыг зохион байгуулсан. Тэр арга хэмжээ тогтвортой санхүүжилтийн эхлэлийг тавьсан түүхэн мөч байв.

Удалгүй арилжааны банкнууд санаа нэгтэйгээр нэгдэж ТоС хөтөлбөрийг эхлүүлж, улмаар өнөөдрийн ТоС Холбоо үүссэн түүхтэй. Миний хувьд Байгаль орчин, Нийгэм, Засаглал (БОНЗ)-ын эрсдэлийн үнэлгээг эрсдэлийн удирдлагын хүрээнд хэрэгжүүлж эхэлснээр энэ ажилтай шууд холбогдсон. БОНЗ-ын эрсдэл бол зээлийн, зах зээлийн, үйл ажиллагааны эрсдэлээс өөр, цоо шинэ ойлголт байлаа. Бид FMO-ийн зөвлөмжөөр аргачлал, журмаа боловсруулж, зээлдэгч нарт таниулж эхэлсэн. Тэр үеийн манай удирдлага “боловсруулсан аргачлалаа бусад банктайгаа хуваалц” гэж дэмжсэн. Ингээд бид нээлттэй хуваалцсан. Анх зээлдэгчдэд зориулсан асуулгад “Та хогоо хогийн цэгт асгадаг уу?” гэсэн асуулт оруулав. Зээл авах гэж байхад ийм юм асуух нь юу вэ? гэж бухимдах хүмүүс цөөнгүй. Харин дараагийн удаа асуудалгүй бөглөдөг болсон. Давуу тал нь бүх банк ижил шаардлага тавьж, хамтдаа хэрэгжүүлсэн учраас тэр. 2018 онд ТоС хөтөлбөрийг Банкны Холбооноос тусад нь бие даасан холбоо болгохоор шийдэв. Тухайн үед Худалдаа Хөгжлийн Банк манлай байгууллага байсан бөгөөд гүйцэтгэх захирал нь Холбооны Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. 

Тэгэхэд О.Орхон захирал “ТоС бол чиний ажил” гээд энэ хариуцлагатай үүргийг надад даатгасан. Шинээр байгууллага болоход ширээ, сандал, компьютероос эхлээд юу эс хэрэг болох билээ. Дансандаа бараг мөнгөгүй. Улсын бүртгэл дээр нэр нь хүртэл батлагдахгүй саатаж, эцэст нь “Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоо” нэрээр гэрчилгээ, тамгаа авлаа. Удирдах зөвлөлийн дарга нь би, гишүүд нь Д.Төмөрхүү, Б.Найдлаа бусад банкны захирлууд, одоогийн Монголын Байгалийн Өв Сангийн Э.Номиндарь, ОУСК-ийн   Б. Батмөнх нар гээд ажил үүргээрээ нэгдсэн хүмүүс түүчээлэн ажилладаг байв. Бид тойрч сууж бодлого, журмаа баталж байхдаа өнөөдрийн ТоС Холбоог зураглаж, “зөвхөн банкууд бус, банк бус, бизнесийн байгууллагуудыг нэгтгэсэн, өргөн оролцоотой бүтэц болгоно” гэж ярилцаж байлаа. Бидний  хэн нь ч яах бол гэж эмээгээгүй. Харин  хамтдаа бүтээнэ гэсэн итгэл байсан.

ТоС Холбооны хувьд хамтрагч, түншүүд, гишүүддээ зориулсан бодлого, нөлөөллийн ажлуудыг тогтмол зохион байгуулдаг. Энэ бүхэн яагаад чухал вэ, ямар үр нөлөөтэй вэ?

Тогтвортой санхүүжилт гэдэг ганц байгууллагын ажил биш. Олон талын ойлголтыг нэг түвшинд аваачих хэрэгтэй. Жишээ нь Green Climate Fund-аас санхүүжилт авахын тулд Засгийн газрын дэмжлэг шаардлагатай. Засаг солигдоно, сайд дарга нар өөрчлөгдөнө. 15:00 цагт товлосон уулзалтад 16:00 цагт орвол их хэрэг. Богинохон уулзалтаар өөрсдийн санаа зорилго, үр дүн, хүлээлтээ ойлгуулна гэдэг амаргүй. Тийм боловч бид бүгдээрээ санаа нэгтэйгээр хамтдаа зүтгэж ирсэн.

ТоС Холбооны зохион байгуулдаг туршлага судлал аялал нь бодитоор мэдлэгийг тэлдэг. Анх 2014 онд ОУСК-ын дэмжлэгтэйгээр Бээжин, Япон улсууд руу Монголбанк, Байгаль орчны яам, арилжааны банкнуудын төлөөлөл гээд 20 орчим хүн явж байлаа. Очоод ёстой л нүд нээгдэж, ам ангайх нь тэр. Аяллын үеэр байгууллагуудтай танилцаж, тэдний туулсан зам, хийсэн арга туршлагаас бодитоор суралцдаг. Автобусанд явахдаа микрофон бариад л бүгдээрээ буцаж очоод юу хийх вэ, Монголбанк яаж туслах вэ, дэмжих вэ, тэгвэл ингэж сургалт хийе, ийм платформтой болъё гээд л зөвлөлдөж, ярилцана. Тэндээс л олон санаа, олон шийдэл төрсөн.

Таны одоогийн ажил тогтвортой санхүүжилттэй хэрхэн холбогдох вэ?

Тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилт гэдэг нь урт хугацаандаа үргэлжилнэ гэх санаа. Товчхондоо урт хугацаандаа эрсдэлээ удирдаж чадвал, хамгийн бага түвшинд байлгаж цаашид тогтвортой өсөж, хөгжинө гэсэн үг. Жишээ нь орон сууцны ипотекийн зээл 30 хүртэлх жил үргэлжлэх урт хугацааны хөтөлбөр. Банкнуудад 30 жилийн хугацаатай, тогтвортой эх үүсвэр байхгүй, гаднаас олоход бэрх учир түүнийг бий болгох шаардлагатай. МИК-ын хувьд бид өмнө олгосон зээлээ үнэт цаасжуулж дараагийн эх үүсвэрийг гаргаж ирээд өөр бусад хүмүүс зээл олгох боломжийг олгож байгаа нь тогтвортой санхүүжилтийн бодит жишээ. Учир нь ипотекийн хөтөлбөрт урт хугацааны эх үүсвэр байхгүйгээс зээл авахад бэрхшээлтэй байна. Өмнө олгосон 10 тэрбумын зээлийг өөр хөрөнгө оруулагч нарт санал болгож, үнэт цаас болгон зээл авч дараагийн 10 тэрбумыг гаргах боломжтой. Хэрэв ийм механизм байхгүй бол улсын төсөв дангаараа иргэдийн орон сууцны хэрэгцээг хангах боломжгүй. Цаашилбал, цалингийн зээл, урт хугацаат үл хөдлөх хөрөнгийн зээл, тэтгэврийн зээлийг ч үнэт цаасжуулж болно. Энэ нь зах зээлийн тогтвортой санхүүжилтийн шийдлийн нэг. 

Монголын тогтвортой санхүүгийн салбарын дараагийн алхам юу вэ? ТоС Холбоо юу хийх хэрэгтэй гэж та хэлэх вэ?


2018 онд Киргиз улсаас ирж ТоС Холбоотой уулзаж, Худалдаа Хөгжлийн банкаар зочилж манай арга туршлагатай танилцсан. Дараа нь Монгол улс ОУСК-ын дэргэдэх “Тогтвортой банк, санхүүгийн олон улсын сүлжээ” (SBFN)-д  элссэний дараа бүх гишүүдийн хурлаар Монголын туршлагаа хуваалцаж бүс нутагтаа идэвхтэй, манлайлагч гэдгээ харуулсан. Саяхан  SBFN-ээс Монгол Улсыг “Consaldating” буюу бэхжиж буй түвшинд ахиулж олон улсад зарлалаа. Үүнийг хэлж буйн учир нь бид одоо зөвхөн сургалтын төв биш, харин бүс нутгийн тогтвортой санхүүжилтийн төв болох зорилт тавих цаг ирсэн. Яг л Нью-Йорк, Хонг Конгийн зах зээл санхүүгийн төв болдог шиг Монгол тогтвортой санхүүжилтийн чиглэлээр бүс нутагтаа жишиг тогтоох боломжтой.

Харин ТоС Холбооны хувьд оролцогч талуудыг холбосон гадаад хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй. Өнөөдрийг хүртэл маш сайн ажилласан, үүнийгээ улам бэхжүүлж, өргөжүүлээсэй. Түүнчлэн эрсдэлийн үнэлгээний олон улсын аргачлалуудыг нэгтгэн гишүүн байгууллагууд хэрэглэх боломж бүрдүүлбэл ихээхэн дэм болно. Жишээ нь банкнууд уур амьсгалын эрсдэл дээр өөрсдөө үнэлгээний аргачлал сонгоод, платформ худалдаж аваад явж болно. Гэхдээ бидний зорилго гаднаас хямд өртгөөр хөрөнгө оруулалт татах. Тэгэхээр өөр өөр үнэлгээ, аргачлал боловсруулж цаг, мөнгө үрэхгүйгээр нэгдсэн стандартаар үнэлдэг аргыг ТоС Холбоо хийгээсэй. Учир нь нэгдсэн стандарттай байх нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх хамгийн чухал зүйлсийн нэг. МИК-ын хувьд Комплайнс, Эрсдэлийн удирдлагын ISO стандарт нэвтрүүлсэн. Эцэст нь хэлэхэд, тогтвортой санхүүжилт бол чиг хандлага биш, харин хүлээж буй ирээдүй. Бид эхлэлийг нь тавьсан. Одоо илүү бат бөх, өргөн хүрээнд хөгжүүлэхэд хамтрагч олон талууд оролцох цаг иржээ.