Буцах
ТоС Түүх: А. Энх-Эрдэнэ, Төрийн банкны тогтвортой хөгжлийн албаны менежер
Ярилцлага

ТоС Түүх: А. Энх-Эрдэнэ, Төрийн банкны тогтвортой хөгжлийн албаны менежер

10/2/2025

0

Тамир.А

Тамир.А

ТоС Холбоо

Амьдарч, ажиллаж яваа цаг үедээ үзэл бодол, зорьсон зорилго, үүрэг хариуцлагадаа эзэн байж, үлгэр дуурайлал болж яваа эгэл хүмүүсээр ТоС Түүх ярилцлагын цуврал үргэлжилж байна. Манай цувралын зочин бүр ТоС Холбооны түүхийг бүтээгч, дархлагч, ирээдүй хойчдоо дамжуулах залгамжлуулагчид билээ. Шинэ дугаартаа Төрийн банкны тогтвортой хөгжлийн албаны менежер А.Энх-Эрдэнэтэй ярилцсаныг хүлээн авна уу.  

Юуны өмнө та ажил, карьерын онцлох түүхээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу? 

Банкны салбартай холбогдсон минь онцгой хувь тохиол гэж баярладаг юм. Миний хувьд, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд үйлдвэрлэлийн менежментийн удирдлага мэргэжлээр анх элсэж байв. Тухайн үедээ өөрийн гэсэн үйлдвэртэй болох мөрөөдөлтэй хүү байлаа. Гэхдээ энэ мөрөөдлийг минь уугуул нутаг Баянхонгортоо банканд дадлага хийсэн өдрүүд тэр чигт нь өөрчилчихсөн. 

Дадлагын хугацаандаа баримт үдэж, зээл гаргаж, мэдээ судалгаа нэгтгэн, тайлан боловсруулж банкны ажлын “А” үсгийг сурсан даа. Тэгсээр гурван долоо хоногийн дараа салбарын дарга “үргэлжлүүлэн ажиллах уу” гэж асуулаа. Гуравдугаар курсийн оюутан надад тэр хамт олны халуун дулаан уур амьсгал дотно санагдаж, дадлагаа дуусгаад буцахдаа Санхүү Эдийн Засгийн дээд сургуулийн банкны эдийн засагч мэргэжлээр суралцах чин хүсэл тээсээр нийслэл хотыг зорьсон. Сургуульдаа орж,  эдийн засагчаар сурсан.  

Төгсөөд Говь, Blue Sky, Скайтелд ажиллаж багагүй ажлын дөртэй болох тэр үед ар гэрийн шалтгаанаар аймагтаа буцах болж, дадлага хийж байсан банкандаа мэдээлэл судалгааны эдийн засагчаар ажилд орох нь тэр. Энэ цагаас банк хэрхэн ажилладаг вэ? гэдгийг бүхлээр нь ойлгон ажиглаж, бүхнийг мэдэрч сурсандаа олзуурхдаг. Ингэж 2011 оноос хойш банканд ажиллахдаа орон нутгийн тооцооны төвийн захирал, харилцааны менежер, зээлийн бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн, зээлийн бодлого хариуцсан мэргэжилтэн, хяналтын мэргэжилтэн, ахлах гээд бүх хэсэгт ажилласан. Харин одоо тогтвортой хөгжил хариуцсан менежерээр ажиллаж байна.   

Та ТоС-той хэрхэн холбогдсон бэ? Мөн эргээд дурсахад бахархал төрдөг онцлох ажлаасаа дурдвал? 

Хөгжилтэй гэх үү, хөгтэй гэх үү, элдэвтэй түүхээр ТоС-той холбогдсон. Төрийн банкны орон орон нутгийн салбараас төв салбарт ажиллах хүсэлт өглөө. Орон нутагтаа зээлийн төвөө удирдаж байсан хүн чинь Улаанбаатарт салбарын эдийн засагчаар ажиллах болсон. Хэсэг хугацааны дараа зээлийн бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтний орон тоо гарч, ярилцлагад орсноор 2015 онд ТоС хөтөлбөртэй танилцсан юм.  

Тэр үед банкууд эрсдэлтэй салбарыг санхүүжүүлж болохгүй гэдэг ойлголтоор зээлийн бодлого, эрсдэл хариуцсан газрын мэргэжилтнүүд нийлж, ТоС хөтөлбөрийн дэргэд ажлын хэсэг болдог байсан. Харьяа газрын захирал маань нэг байсан учраас зээлийн бодлогын бүтээгдэхүүн хариуцсан би азаар гэлтэй тэр ажлын хэсэгт орчихсон. Ингээд шинэ ажилд орсноос яг сарын дараа БОНЗ-ын бодлого журмын төслийг бэлтгэн, боловсруулж, батлуулах даалгавар авлаа.  

Даалгавар авах үед банкнуудын бодлого, журам эрсдэлийг хаах ёстой гэдэгт голлож чиглэдэг байсан. Гэтэл салбар бүрийн эрсдэлийг хараад байвал яаж зээл олгох билээ. Жишээ нь, уул уурхайд зээл олгохгүй бол ашигт ажиллагаа нь буурна. Харин түүний оронд шинэ технологиор ногоон болгож болно. Тиймээс дараагийн шинэ хандлагаар тогтвортой санхүүжилт бол бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдгийг банкнууд нийтээрээ ойлгож, ногоон зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд анхаарч эхэлсэн. Зарим нь ногоон зээлийн бүтээгдэхүүнээ зах зээлд гаргаж эхлэв. Нэг талд эмэгтэйчүүдийн эрхэлдэг бизнес тогтвортой гэдгийг таньснаараа жендэрийн мэдрэмжтэй чиглэл рүү харж, нөгөө талд дулааны алдагдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй зээлийг онцолж байв.  

Төрийн банкны хувьд, ногоон зээлийн бүтээгдэхүүнийг хэзээнээс хөгжүүлж, зах зээлд нэвтрүүлж эхэлсэн бэ? 

Удалгүй манай нэг харилцагч MИK OCCK ХХК-ийн оролцоотой, Монголбанкны дэмжлэгтэйгээр орон сууцны ипотекийн зээлээр энэ зээлийг авсан юм. Гэтэл жилийн дараа өнөөх байшинд хөгц үүсэж, чийг цохисон гэх гомдол ирлээ. Яагаад гэвэл гүйцэтгэгч байгууллага алдаа гаргаж, ямар ч дулаан алдагдалгүй, вакум байшинд агааржуулалт тавиагүйгээс асуудал үүсэв. Түүнийг нь дахин сайжруулсан. Тухайн үедээ метр квадратыг нь 900 мянган төгрөгөөр авч байсан бол одоо нэлээдгүй үнэтэй болсон доо. 

Дараа жил нь төслийн хугацаа дуусах дөхөж хотхоны зохион байгуулалттайгаар хэрэгжүүлэх саналыг Хайбрид хаус компаниас гаргаж Төрийн банк болон Хасбанк хамтдаа санхүүжүүлснээр одоогийн бидний сайн мэдэх Дэнжийн мянгын долоон айлын эрчим хүчний хэмнэлтэй хайбрид хотхон төрсөн түүхтэй. 

Төрийн банк анх 2019 онд ногоон зээлийн бүтээгдэхүүн болох цахилгаан тээврийн хэрэгсэл болон унадаг дугуй, скүүтэрийн зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн. Мөн хамгийн анхны эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээлийг Төрийн банк гаргаж байлаа. Байшингийн дулаан алдагдал нь маш их эрчим хүчний алдагдал бий болгож, илүү их галлагаа шаарддаг. Дулаан алдагдлыг хэмнэж чадвал бага нүүрс түлж, эрчим хүчээ хэмнэж, ая тухтай амьдарна.  Одоо ингэж яривал хүмүүс бараг л үнэмшихгүй. Тухайн үед бид олон улсын байгууллага болон Монголын банкны холбоогоор дамжуулан ТоС-ийн хүрээнд урьдчилгаа төлбөрийн татаастай зээл гаргасан. Эрчим хүчний хэмнэлттэй байшин нь ердийн байшингаас арай үнэтэй. Төслийн зүгээс баталгаажуулалт, санхүүжилт бүгдийг нь хийж өгсөн. Тэгсэн сонирхож авах хүн байдаггүй. 

Энэ үеэс л банкнуудын ногоон зээлийн бүтээгдэхүүний том давлагаа эхэлсэн. Банкнууд бүтээгдэхүүнээ бага хүүтэй, татаастай болгож хүртээмжийг ч нэмэгдүүллээ.  Төрийн банкны хувьд, 2021 онд Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээлийн бүтээгдэхүүнийг харилцагч нартаа санал болгож, зах зээлд танилцуулсан.  Хэдийгээр банкнуудын зүгээс өөрийн онцлогт тохирсон тодорхой хөнгөлөлтийн нөхцөлтэй ногоон зээлийн бүтээгдэхүүн санал болгосон ч хүмүүс мэдэхгүй, ойлгохгүй сорилттой тулж байсан. Тиймээс арилжааны банкнууд хэрхэн хамтарч болох вэ? гэдгээ ТоС Холбооны дэргэд мэргэжлийн зөвлөлөөр ярилцаж, одоо ч сорилтуудыг хамтдаа шийдвэрлэхийг зорин ажиллаж байна.  

Банкнуудад БОНЗ-ын бодлого журмууд хэр бодитой хэрэгжиж байна вэ? Төрийн банкны хувьд, хэрэгжилт хэр түвшинд байна вэ? 

Банк бүр харилцагчдадаа тогтвортой, ногоон хөгжлийн талаар мэдээлэл хүргэж, ойлгуулах олон ажил хийсэн. Түүнээс онцолбол 2022 онд ТоС-ийн форумаар байгаль орчныг хамгаалдаг, тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагаандаа нэгдмэл байх манлайллыг банкны салбар гаргаж, түүнийгээ баталгаажуулж тогтвортой санхүүжилтийн замын зургийг боловсруулж, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлуулсан. Энэ ажилд ОУСК маш их дэмжлэг үзүүлсэн. Энэхүү замын зурагтай нийцүүлэн Төрийн банк Байгаль орчин, нийгэм, засаглалын бодлогоо шинэчлэн Төлөөлөн удирдах зөвлөлөөрөө батлуулж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, байгаль орчноо хамгаалах чиглэлд ногоон зээлийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд олон улсын байгууллага, төрийн байгууллагын мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дотоод үйл ажиллагаандаа ногоон технологийн шийдлийг хэрэгжүүлж байна. Улмаар олон улсын стандарт, удирдамжийн дагуу хийсэн ажлаа тайлагнаж, тогтвортой хөгжлийн чиглэлээр өргөн цар хүрээтэй ажиллах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.   

Ойрд төвлөрч байгаа онцлох ажлуудаасаа хуваалцвал? 

Энэ оны эхэнд ТоС холбооны дэргэдэх “Ногоон зээлийн бодлого, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн мэргэжлийн зөвлөл”-ийн ажлын хүрээнд Сангийн яамны дэмжлэгтэйгээр Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээнд банкнуудын нэгдсэн саналыг хүргүүлсэн. Ингэснээр тухайн банкны ногоон зээлийн шалгуур хангаж байх тохиолдолд хүүний хөнгөлөлттэй байхаар тусгаж, олон улсын байгууллагаас Үндэсний ногоон таксономийн хүрээнд эх үүсвэр татах тохиолдолд своп хэлцэл хийхэд 0.5 хувийн хөнгөлөлтийг нэг хувь хүртэл нэмэгдүүлж ажилласан.   

Төрийн банкны тухайд бүтээгдэхүүн, программ хөгжүүлэлтийн багийнхан маань Ногоон бэлтгэн нийлүүлэгчийн зээл, Ногоон орон орон сууцны зээл болон Бизнесийн ногоон зээл зэрэг олон бүтээгдэхүүн зах зээлд гаргалаа. 

Түүнчлэн бид өнгөрсөн онд ногоон зээлийн багцаа 108 хувиар нэмэгдүүлсэн амжилтаа ахиулахыг зорьж байна. Цаашид тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн нийгмийн зээлийн бүтээгдэхүүн хөгжүүлэхээр судалгаа, шинжилгээ хийж байна.  

Бас нэг сайхан мэдээ хуваалцахад бид олон улсын зах зээлд 200 сая ам.долларын бонд арилжиж, эх үүсвэр татсан. Үүнээс 50 сая ам.долларыг нь ногоон зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд зарцуулна.  

Өөрийн ТоС-той түүхээсээ хуваалцсан танд маш их баярлалаа. Та бүхний тогтвортой хөгжил, тогтвортой санхүүжилтийг түгээн дэлгэрүүлэх их аянд улам өндөр амжилт хүсье.